Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусийн багийг хожлоо

  Г.Бадамлянхуа 2019-06-05 622

Сагсан бөмбөг сонирхогчид болон дэлхий нийтэд чухалд тооцогддог гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улс анх удаа эх орондоо зохион байгуулж байна. 6-р сарын нэгнээс эхэлсэн тэмцээн энэ сарын 9 хүртэл үргэлжлэх юм. Фиба гурвын эсрэг гурав Ю18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцсоор байна. Эрэгтэй багийн хувьд өчигдөр Латви болон Беларусын багийг өндөр онооны зөрүүтэй хожиж, хэсгээ тэргүүлж эхэлсэн байна.

FIBA3x3 U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын эмэгтэй баг Филиппин болон Чехийн багтай тоглосон юм. Манай тамирчид Чехийн багт нэг онооны зөрүүтэй хожигдсон юм.

Эмэгтэй шигшээ багийн тамирчин Э. Энэрмаа тоглолтын эхний өдөр хамгийн өндөр оноо авсан хоёр тоглогчийн нэгээр тодорсон юм. Тэрбээр хоёр тоглолтод 16 оноо авснаар  Хятад улсын тамирчны хамт онооны лидерээр нэрлэгдсэн.

Тэмцээний хоёр өдөр Монголын эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтондоо хүчирхэг Латвийн багийг 20-15 харьцаатай хожсон билээ. Улмаар хоёр дахь тоглолт ондоо Беларусийн багийг 21-15 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ. “FIBA 3×3 U18” тэмцээний хоёр дахь өдөр хамгийн өндөр оноог Монголын улсын эрэгтэй багийн тоглогч Ш.Энхийн-Од авсан байна. Тэд маргааш Америк болон Гүржийн багтай тоглох юм.

Монгол улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд дээд лигийн хүрэл медальтай, өсвөр үеийн УАШТ-ий найман түрүүтэй, шилдэг тоглогчоор долоон удаа шалгарсан Энхийн-Од тоглож байна. Түүнийг монгол улсын гавьяат тамирчин Ц. Шаравжамцын хүү гэдгээр нь иргэд, олон нийт мэднэ. Ш. Энхийн-Од 16 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй юм. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд мөн  Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, 21 аймгийн үндэсний лигийн аварга, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, шилдэг тоглогчоор нэг удаа шалгарсан Пэрэнлэйжанцан тоглож байна. Тэрбээр 17 настай, 198 см өндөр, 96 кг жинтэй юм. Мөн өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, шилдэг холбогчоор шалгарсан Л.Авирмэд шигшээ багийн бүрэлдэхүүнд байна. Авирмэд 18 настай, 190 см өндөр, 75 кг жинтэй. Өсвөр үеийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарсан А.Батхуяг шигшээ багт тоглож байна. Тэрбээр 18 настай, 180 см өндөр, 80 кг жинтэй юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө