Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улсын начин, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын нэрэмжит Буриад бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов

  Д.Отгонсүрэн 2019-06-10 577

Буриад түмний уламжлалт өв соёлын нэг буриад бөхийн барилдааныг сэргээх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа  Монгол улсын начин Гавьяат дасгалжуулагч Монголын буриад бөхийн холбооны тэргүүн Галсанжамцын Пүрэв-Очирын нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа.  Анх удаа зохион байгуулагдаж байгаа Буриад бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн  Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 8-ны өдөр боллоо.

Тэмцээнийг “Бөхийн соёлоо хүндэлье- Буриад хэлээрээ хөөрөлдье” уриан дор зохион байгуулсан юм.  Буриад бөх нь Монгол бөхөөс ялгарах онцгой барилдааны арга мэх гэж байхгүй. Зөвхөн гар нь түрүүлж газарт хүрсэн тохиолдолд унасанд тооцогддог байна. Тиймээс тамирчдаас маш өндөр авхаалж самбаа шаарддаг шударга барилдаан байдаг гэлээ. 

Тэмцээнд нийт 6 багийн 36 өсвөрийн бөхчүүд оролцсон.  Тодруулвал Хэнтий аймгийн Дадал, Батширээт сум, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургууль, Биеийн тамир спортын газар, Цагаан-Овоо сум, Сэргэлэн сумаас нийт 6 баг тамирчид ирж 3 насны ангиллаар өрсөлдсөн юм. Ингээд 13 хүртэлх насны ангилалд Хэнтий аймгийн Дадал сумын Г.Угтахбаяр алтан медаль, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Д.Өсөх-Ирээдүй мөнгөн медаль, Дорнод Биеийн тамир спортын газрын Т.Хатансүлд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Э.Баяржавхлан нар хүрэл медаль хүртлээ.

Харин 14-15 хүртэлх насанд 12-р сургуулийн Л.Сүхбат алт, Сэргэлэн сумын Ш.Эрхэмсайхан мөнгө, Хэнтий аймгийн Дадал сумын Н.Санаадорж, Цагаан-Овоо сумын Э.Ган-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм.  16-17 насанд Цагаан-Овоо сумын С.Өсөхбаяр алт, 12-р сургуулийн О.Есүхэй мөнгө, Биеийн тамир спортын газрын Б.Одхүү, Цагаан-Овоо сумын М.Тэмүүжин нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Дорнод Үндэсний Бөхийн Холбоо-н зураг.

Харин багийн дүнгээр 1-дүгээр байрыг Ж.Оргилсайхан дасгалжуулагчтай Цагаа-Овоо сум, 2-р байр Б.Мөнхбат дасгалжуулагчтай 12-р сургууль, 3-р байрыг  Д.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Сэргэлэн сум тус тус эзэлсэн юм.

 Буриад бөхийн барилдаан анх 2005 онд гавьяат дасгалжуулагч улсын начин Г.Пүрэв-Очирын санаачлагаар зохиогдож эхэлсэн. Жил бүр сумын наадмаар өсвөрийн Буриад бөхийн барилдааныг зохион байгуулдаг. Цаашлаад улсын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол хийж улам өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөжээ.

Дорнод Үндэсний Бөхийн Холбоо-н зураг.

Тэмцээнд оролцсон тамирчид болон зохион байгуулагчид Цагаан-Овоо сумын Цагаан-Овоо уулын оройд бүтээн байгуулж байгаа бөхийн овоо, цогцолбортой танилцаж  хүндэтгэл үзүүллээ. Тус цогцолборыг 2015 оноос эхлэн бүтээн босгож байгаа бөгөөд Монгол бөхийн овоо, БНМАУ-ын заан Д.Түвшингийн өргөсөн чулуу, Халх бөхийн чулуун баримлыг байршуулжээ. Цаашлаад Буриад, Барга, Үзэмчин бөхийн баримлыг байршуулж Монголын хамгийн анхны бөхийн соёл бахархалыг төрүүлсэн цогцолбор болгохоор зорьж байгааг улсын начин Г.Пүрэв-Очир болон нутгийн удирдлагууд онцоллоо.

 Мөн энэ үеэр Буриад бөхөд зориулан бүтээсэн дууг олон түмэнд дуулж сонордуулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө