Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХҮРХРЭЭ ЛИГИЙН 9-Р ТОЙРОГТ НИЙТ 27 ГООЛ ОРЛОО

  Г.Болорсүх 2017-07-03 917

9-р тойргийн эхний тоглолт Баасан гарагийн үдэш Дэрэн – Унаганууд клубүүдийн хооронд болжээ. Өмнөх 2 тоглолтод дараалан ялалт байгуулаад байсан Дэрэнгийн залуус энэ удаад ч сайн тоглолт үзүүлж, Ц.Төмөр-Очир, А.Нармандах нарын гоолоор Унагануудыг 2:0-ийн харьцаатай хожлоо. “Ягаанаа” хочит Ц.Төмөр-Очирын хувьд улирлын 5 дахь гоолоо оруулж, багаа 3 дараалан хожиход чухал хувь нэмэр оруулаад байна. Ялалт байгуулсан тэд 13 оноотой болсон ч хүснэгтийн 5-р байрандаа хэвээр үлджээ. Харин Унагануудын хувьд 5 дараалан ялагдсанаар ердөө 4 оноотой улирлын эхний хагасыг өндөрлүүллээ. Тэд зуны наймааны цонхоор идэвхтэй ажиллахгүй бол дээд лигт үлдэх боломж нь хүндхэн харагдаж байна.

Бямба гарагт болсон 2 тоглолтын эхнийх нь хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэж яваа Гоёо Эф Си – Эф Си Улаанбаатар клубүүдийн тоглолт байлаа. Анх удаа дээд лигт учраа тааран тоглож байгаа 2 багийн тоглолт ч эхнээсээ л тун сонирхолтой өрнөсөн. Япон довтлогч Мотохиро Канеширо эхний хагаст Эф Си Улаанбаатарт 2 ч удаа тэргүүллийг авчирсан ч Гоёогоос С.Энхсайхан, С.Дөлгөөн нар тухай бүрт нь хариуг нь барьжээ. Канеширогийн хувьд улирлын 7 дахь гоолоо оруулснаас гадна энэ жил 5 тоглолтод дараалан гоол оруулсан анхны тоглогч боллоо. Эхний үеийн сүүлийн 5 минутын хугацаанд Гоёо Эф Си 3 ч гоол дараалан оруулсан. Эхлээд хамгаалагч С.Дөлгөөн чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн бол Т.Мөнхсүлд өөрийн багийн торгуулийн талбайн ойролцоо бөмбөг тасалж, бөмбөгөө тууж явсаар нэгэн гайхалтай гоол оруулжээ. Эхний үеийн шүүгчийн мэдлийн цагт П.Энхбилэг үүнээс ч дутахааргүй гоёмсог гоолоор Остин Рожерсын хаалгыг мялааснаар 1-р үе 4:2-ын харьцаатай өндөрлөсөн юм. 2-р хагаст Эф Си Улаанбаатарын довтолгоо ширүүсч, багийн ахлагч А.Мөнхнасан тооны харьцааг ойртуулсан ч үлдсэн хугацаанд өөр гоол орсонгүй. Ялалт байгуулсан Гоёо Эф Си 11 оноотой болж, 6-р байранд дэвшсэн бол Эф Си Улаанбаатар 6 оноотой 9-т бичигдсэн хэвээр байна.

Эхний 4 тойрогт дараалан ялалт байгуулж, хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн Атлетик 220 клуб сүүлийн 4 тойрогт хожлын бараа хараагүй байсан. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь Сэлэнгэпресс байлаа. Тоглолтын эхний үед Атлетикийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ 2 ч удаа ноцтой алдаа гаргаж, түүнийг нь Сэлэнгэпресс клубийн нэр нэгт довтлогч Б.Мөнх-Эрдэнэ ашиглан 2 гоол оруулаад авсан. Гэхдээ энэ тоглолтын гол баатар нь Атлетик 220 клубийн довтлогч Н.Наранболд байсан бөгөөд тэрбээр 13, 50, 78 дахь минутад 3 гоол оруулж, улирлын анхны хэттрикээ хийсэн байна. Үндсэн цаг дуусахын өмнө О.Баяржаргал, Б.Өлзий-Од нар талбайгаас хөөгдсөнөөр Сэлэнгэпресс тоглолтыг 9-үүлээ дуусгажээ. 2-р үед сэлгээгээр талбайд орж ирсэн А.Тэмүүжин тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Атлетик энэ тулаанд 4:2-ын харьцаатай хожсон байна. Тэд 17 оноотой болж, хүснэгтийн эхний 4-т бичигдсэн хэвээр байна. Харин Сэлэнгэпресс 10 оноотой, 7-р байрлуу ухарчээ.

7 тоглолтод дараалан ялалт байгуулснаар 22 оноотой хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байсан Эрчим энэ тойрогт ТЭЦ-4 талбайд Хоромхоныг хүлээн авсан. Өнгөрсөн жил яг энэ талбайд болсон тоглолтод Хоромхон 2:0-ээр хожиж байсан удаатай. Гэвч энэ удаад байдал тэс өөрөөр эргэжээ. Талбайн эзэд эхний үед л өрсөлдөгчийнхөө хаалганд 6 гоол оруулсан бөгөөд Франц довтлогч Никола Ванделли, хагас хамгаалагч М.Төгөлдөр нар дубль хийж, Г.Төгөлдөр, Г.Батбилгүүн нар тус бүр нэг гоол оруулсан юм. М.Төгөлдөр пеналтиа алдаагүй бол энэ тоо бүр ч ихсэх байлаа. 2-р хагаст Хоромхон клубийн хаалгач Э.Отгонпүрэвийн мөр бэртсэнээр тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болж, хагас хамгаалагч Э.Энхмандах түүнийг орлон хаалгачаар тоглосон байна. Нэгэнт хяналтыг гартаа авсан Эрчим сүүлийн 10 минутын хугацаанд 3 ч гоолыг нэмж оруулснаар энэ тоглолтод 9:0-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын шилдгээр 1 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгсөн Шута Ишино тодорсон байна. Эрчимийн хувьд өнгөрсөн жил өөрсдийн талбайдаа Улаанбаатарын Мазаалайнууд, Эф Си Улаанбаатар багуудыг тус бүр 8:0-ийн харьцаатай хожиж байсан билээ. Ийнхүү Эрчим клуб улирлын эхний хагасыг 8 хожил, 1 тэнцээтэй дуусгалаа. Харин Хоромхон хасагдах бүсэд яваа Эф Си Улаанбаатараас ганцхан оноо л илүү байна.

Энэ тойргийн сүүлийн бөгөөд хамгийн анхаарал татсан тоглолтоор Улаанбаатар Сити – Хангарьд багуудын тоглолт нэрлэгдэж байлаа. Тоглолтын өмнө Улаанбаатар Сити 4 дараалан хожиж, 18 оноотой 2-р байранд бичигдэж байсан бол Хангарьд 5 дараалан хожиж, 16 оноотой араас нь нэхэж байсан юм. Эдгээр багууд 2 долоо хоногийн өмнө “Холбооны цом”-ын эхний шатанд учраа тааран тоглоход 4 улаан, 12 шар хуудастай ширүүхэн тоглолт болж, нийслэл хотын баг 3:1-ийн харьцаатай хожиж байсан. Тус тоглолтод оролцоогүй Хангарьдын ахлагч А.Эрдэнэбаяр энэ удаад эргэн иржээ. Хоёр баг эхний үед аль аль нь хянамгай тоглож, гоол алдсангүй. Харин 2-р үеийн 56 дахь минутанд Улаанбаатар Сити клубийн хагас хамгаалагч Ж.Сүндорж хаалттай цохилтоос гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан байна. Энэ нь түүний улирлын 3 дахь гоол байлаа. Гэхдээ Хангарьдын залуус амар бууж өгсөнгүй. 77 дахь минутад С.Ганхуягийн дамжуулалтаар Нигери довтлогч Пол Эбука тооны харьцааг тэнцүүллээ. Тэрбээр 5 тоглолтод дараалан гоол оруулж байгаа нь энэ. 87 дахь минутад өмнөх гоолын эзэн Эбукагийн хичээл зүтгэлийн үр дүнд С.Ганхуяг улирлын 6 дахь гоолоо оруулж, Эрдэнэтийн Хангарьд энэ тоглолтод 2:1-ийн харьцаатай хожин нутаг буцсан юм. 19 оноотой болсон Хангарьд, Улаанбаатар Ситигээс 2-р байрыг нь булаан авсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан