Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“АШХАБАД-2017” АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

  А.Болдсайхан 2017-09-18 1155

Ази тивийн томоохон спортын наадам болох танхимын болон тулааны спортын тав дахь удаагийн наадам Туркменистан улсын нийслэл Ашхабад хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээ орон нутгийн цагаар 20 цагт эхэлж, 00 цагт дууслаа. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас анх удаа Туркменистан улс энэхүү наадмыг хүлээн авч байгаагаараа онцлогтой. Туркменистан улсын хувьд цаашид Олимпийн наадам хүлээн авах зорилготой юм. Энэ удаагийн наадамд ОУОХ-ын бүрэлдэхүүнд байдаг Ази тивийн 62 орны 6,500 гаруй тамирчин өрсөлдөж байна. Харин манай орноос 64 тамирчин спортын 12 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Энэ наадам 2005 оноос хойш явагдаж эхэлсэн. Хоёр жил тутамд Азийн танхимын наадам нэртэй явагдаж байсан бол 2009 оноос Азийн танхимын болон тулааны спортын наадам болж хувирсан.

Мөн хоёр жилд нэг удаа явагддаг байсан нь дөрвөн жил болон сунажээ. Голдуу олимпийн бус төрлүүд болон тулааны спортын төрлүүдээр явагддаг болсноороо онцлогтой болжээ. Энэ жилийн хувьд Туркменистан улсын нийслэл Ашхабад хот наадам зохион байгуулах эрх авч эртнээс онцгой анхаарч байгаагаа мэдэгдсэн.

“Гантиган” нэртэй цагаан хотод Азийн 65 орны 6,500 гаруй тамирчин ирсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн болон бусад зочид төлөөлөгчид 2,000 гаруй хүн хүрснийг нээлтийн үеэр Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хэллээ. Энэ улс ирээдүйд олимпийн наадам хүлээн авах зорилготойгоо өмнө нь мэдэгдэж байсан. Улс орон хотын хөгжил ч ийм боломжтойг онцолж байгаа юм. Энэ удаагийн Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулахдаа ч өөрсдийн хөгжил дэвшлийг харуулахыг зорьжээ. Наадмын нээлтийн урлагийн тоглолт, зохиомж ч ийм утга агуулгатай байлаа. Туркменистан улсын үүсэл хөгжил, эртний түүх болон өөрсдийн соёл уламжлалыг багтаасан байна.

“Ашхабад-2017” наадмын бэлгэ тэмдэгээр нохой нэрлэгдсэн байна. Үзэгчид дундад ази гэдгээр нь илүүтэй мэдэх аварга биет уулын хамгаалагч нохой танхимын болон тулааны спортын наадмыг бэлгэдэж байна. Дэлхийн олон орны баг тамирчид 45,000 хүний суудалтай “Олимп” цэнгэлдэхэд орж ирэхэд ч, дундад ази нохой тэргүүнд нь алхлаа. 

Ашхабад хот энэ наадамд зориулж 45,000 хүний суудалтай “Олимп” цэнгэлдэх хүрээлэн босгосон. Мөн тамирчдын хотхон, медиа центр, зочид төлөөлөгчдийн хотхон, хэвлэлийнхэнд зориулсан буудал, ресторан, чөлөөт цаг өнгөрүүлэх хэсэг, хотхон дотор үйлчлэх нийтийн тээвэр гээд бүгдийг цогцоор нь шийджээ. Азийн наадам болон олимпийн зохион байгуулалтын хэмжээнд хүргэсэн байна. Нээлтийн арга хэмжээгээ ч үүнд хүргэх гол зорилготой байсныг энэ орны төрийн тэргүүн хэлсэн. Энэ нь ирээдүйд олимп хүлээн авахад бүрэн бэлтгэгдэж, олимп зохион байгуулах хангалттай нөөц боломж байгаагаа дэлхийд харуулахыг зорьсон байна. Нээлтийн арга арга хэмжээнд Азийн Олимпийн хорооны Ерөнхийлөгч болон зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Нэг ёсондоо Туркменистан улсын нийслэл Ашхабад хот олимп хүлээн авч чадах эсэх шалгалтаа өгч байгаа юм. Нээлтийн тоглолтоо ч энэ хэмжээнд хүргэхээр ажиллажээ. Орон орноос ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчид энэ талаар онцлон ярилаа.

Нээлтийн арга хэмжээний гол хэсэг морьтой холбоотой байлаа. Энэ улсын ард түмэн адуунд хайртай, морио дээдэлдэг. Тэр утгаараа наадмын зөвхөн нээлтээс гадна гудамж талбай дахь гоёл чимэглэл бүгд мориор дүрслэгдсэн байна. Мөн морин үзүүлбэр энэ наадмын онцлох хэсгүүдийн нэг байлаа. Морь унасан хүн гарч ирэх бүрт цэнгэлдэх нүргэлж, ард иргэд нь ёстой л нэг баяр хөөрт умбаж байсан юм.

Наадмын бамбар ч тун өвөрмөцөөр аслаа. Улс орон бүр өөрсдийн гэсэн онцлогийг шингээдэг. Тэгвэл морь унасан Туркменистан баатар цэнгэлдэхэд давхин ирж 10 хоног үргэлжлэх наадмын бамбарыг асаасан юм. Бамбар ч гэсэн морины толгой, дэл мэтээр дүрслэн харуулсан нь онцлох байлаа.

Туркменистан улс байгалийн хийгээр дэлхийд дөрөвт бичигддэг. Баялгаа ард түмэнд хүртээх олон арга эрэлхийлж шийдлээ олсноо ч нээлтийн үеэр харуулсан. Туркменистаны таван сая иргэн өнөөдөр эрчим хүч, эмнэлгийн үйлчилгээ, ахуйн хий гээд өртөг өндөр хэрэглээг үнэ төлбөргүй авдаг байна. Мөн шинэ гэр бүлд орон сууц, сургалтын төлбөр, мөнгөн тэтгэмж гээд байгалийн баялгаа тэгш хүртээх аргуудыг сонгожээ. Энэ бүхэн ч Азийн танхимын болон тулааны спортын наадамд харагдсан. Галаар тургисан хийн хоолойнууд цэнгэлдэхийн төвд гарч ирэхэд туркмен үндэстэн цэнгэлдэхийг мөн л нураах шахам нүргэллээ. Наадмын нээлт бүхэлдээ эрчим хүч, гэрэл гэгээ, цахилгаан төхөөрөмж өргөн ашигласан нь ч энэ улсын баялагтай шууд холбоотойг харж болохоор байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан