Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД МЕДАЛИЙНХАА ТООГ НЭМЛЭЭ

  А.Болдсайхан 2017-09-19 1331

Азийн танхимын болон тулааны спортын тав дахь наадмын гурав дахь өдөр Монголын баг тамирчид медалийнхаа тоог гурван мөнгө, нэг хүрэл медалиар нэмлээ. Жюү жицү болон Туркменистаны үндэсний барилдаанд манай тамирчид нутгийн бөхчүүдтэй аваргын төлөө өрсөлдсөн юм.

Энэ өдөр жюү жицү бөхийн эмэгтэйчүүдийн хасах 62 кг-ын жинд манай тамирчин Батцогтын Буяндэлгэр финалдсан. Тэрээр эхний тойрогтоо Филлипины тамирчинг 2:0-ээр буулган авсан. Түүний дараагийн учраа нутгийн тамирчин Туркменистан Кровяазова Виолеттатай өрсөлдсөн. Үндсэн цагт оноо аваагүй ч, манай тамирчин торгуулиар ялалт байгууллаа. Ингээд хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмират улсын тамирчинг цэвэр буулган авснаар аваргын төлөө үлдсэн юм. Өмнө нь хоёр ч ялаад байсан Туркменистаны тамирчинг энэ удаад Буяндэлгэр ялж чадсангүй. Нутгийн бөхөд ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртэж байна.

Энэ өдөр жюү жицүгээр хоёр бөх финалдсаны нэг нь эмэгтэйчүүдийн хасах 70 кг-ын жинд барилдсан Цог-Очирын Батцэцэг байлаа. Өнөөдөр түүний хувьд өрсөлдөгчдөө илт давуу ялсан сайхан барилдаан үзүүллээ. “Гаруда” клубын тамирчин эхний тойрогтоо талбайн эзэн Туркменистаны бөх Мухамедоватай барилдан цэвэр ялсан. Дараагийн тойрогт Афганистаны тамирчин Ахмади Нафисатай таарсан юм. Мөн цэвэр ялалт байгуулснаар хагас шигшээд үлдсэн. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Тайландын тамирчин Сангсиричог мөн л цэвэр ялалтаар буулган авсан юм. Харин аваргын төлөөх барилдаанд Иорданы тамирчинтай үлдсэн. Үндсэн цагт хоёр тамирчин хэн хэнээсээ оноо авч чадаагүй. Гэхдээ манай тамирчинд хоёр торгууль ирээд байсан юм. Ингээд барилдааны цаг дуусснаар Баттцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Харин манай тамирчинг буулган авсан Иорданы тамирчин Куббаж Рана Хатем Шариф энэ жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Ази тивд тэргүүн байрын төлөө Батцэцэгтэй өрсөлдөх гол хүчтэн юм. Өмнө нь энэ хоёр тамирчин гурван удаа финалд шалгаран манай тамирчин хоёр ялаад байсан. Харин энэ удаад Иорданы тамирчин буулган авснаар барилдааны харьцаа тэнцлээ. Өнөөдрийн барилдаан Иорданы тамирчны хувьд маш чухал байсныг тэрээр онцоллоо.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн хасах 94 кг-ын жинд Баасандоржийн Ариунцог зодголсон. Эхний барилдаан энэ жиндээ Ази болон дэлхийд дээгүүр бичигдэх Иордан улсын тамирчин Шамсэйддин Сами Зайд Сад Самитай таарсан. 7:0-ээр ялагдал хүлээлээ. Харин дагах барилдаанд Ариунцог талбайн эзэн Туркменистаны тамирчинтай хүч үзлээ. Барилдаан удаан үргэлжилсэнгүй. Манай тамирчин цэвэр ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Медалийн төлөөх барилдаанд мөн талбайн эзэн орны бөх Атажонав Жонибектэй таарсан. Хүч шавхсан барилдаанд манай тамирчин хоёр оноо алдсанаар ялагдал хүлээлээ.

Жюү жицү барилдаанаас гадна Туркменистаны үндэсний бөх буюу бүстэй барилдааны сонгодог төрлийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ өдөр манай улсын хоёр тамирчин медаль хүртсэн. Аваргын төлөө жиндээ тэргүүлэн барилдсан Монголын тамирчин Нямтуяа Узбекистан, Иран, Туркменистаны бөхчүүдийг ялж финалд шалгарлаа. Аваргын төлөө түүнийг нутгийн бөх хүлээж байсан юм. Мөн заал дүүрэн хөгжөөн дэмжигчдийн эсрэг барилдлаа. Хүч хурд илүү байсан ч дэвжээний захад мушгиулснаар Туркменистаны тамирчин манай бөхийг цэвэр яллаа. Ингэснээр Нямтуяа мөнгөн медалийн болзол хангаж байна.

Мөн эрэгтйчүүдийн хасах 62 кгын жинд барилдсан Энхболд хүрэл медаль хүртлээ.  

Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид Азийн танхимын болон тулааны спортын наадмаас нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Медаль хүртсэн 23 орноос 8-р байранд бичигдлээ.

Нүүр зураг: МҮОХ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан