Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

  admin 2017-11-24 727

Жилд сүрьеэгээр өвчилж байгаа хүмүүсийн арван хувийг хүүхэд эзэлж байгаа бол 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байдаг. Мөн сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа харамсалтай мэдээг дуулгаж байна.  Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.

Сүрьеэ бол дан ганц эмнэлэгийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлээр ялан дийлэх өвчлөл биш болсон учраас бүх шатанд энэ өвчинтэй тэмцэж салбар дундын оролцоо, бүх шатны шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тиймээс дүүрэг, аймаг, сумдуудын хүрээнд анхаарлаа хандуулж Сүрьеэгээс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэгийг сайжруулах нэн чухал гэдгийг “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгээр онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Монгол улсын хувьд сүрьеэгийн өвчлөлөөр ДЭМБ-ын баруун бүсийн 37 орны гуравдугаарт бичигдэж, халдварт өвчний нас баралтаар сүрьеэ өвчин тэргүүлж байна гэсэн харамсалтай тоо баримт байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд нэн тэргүүнд эрт илрүүлж, оношилох явдал юм. Энэ чиглэлээр ажиллахад ажлын ачаалал их, цалин бага, эрсдэл өндөр зэрэг шалтгаануудаар суралцагсдын тоо бага байдаг. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сүрьеэгийн эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн эмчилгээний зардлын 65 хувийг улсын төсвөөс, үлдсэн 30 гаруй хувийг олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа учраас энэ өвчний бүх зардлыг улс хариуцаж байгаа гэж хэлж болно. Тиймээс иргэд маань эрт эмнэлэгт хандаж, эмчийн зааврыг мөрдөх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд санууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан