Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пёнчанд таны заавал үзэх ёстой үзэсгэлэнт газрууд

  Б.Оюун 2018-02-13 4120

            Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдаж байгаа Пёнчан хот нь уулархаг бүсэд байрладаг, байгалийн үзэсгэлэн төгс газар нутагтай газар юм. Тиймдээ ч эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн энэ газар орныг Өмнөд Солонгосын Швейцарь гэж зүйрлэн хэлэх нь байдаг гэнэ.

            Пёнчан хотыг 2016 онд Америкийн “Нью Йорк Таймс” сонин очиж үзэхийг зөвлөсөн дэлхийн аялал жуулчлалын 52 маршрутын нэгэнд багтааж байжээ. Танд Пёнчан хотын үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн өвөрмөц нутаг орон, тэдгээрт байрлах аялал жуулчлалын бүс, бусад газар оронтой танилцахыг урьж байна.

            Пёнчань хот нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт 130 км зайтай байрлах, Канвондо мужийн төвд, Тхэбэк уулын бүсэд байрладаг жижиг хот юм.Энэ хот далайн түвшнээс дээш 700 метрийн өндөрт байрладаг, өндөр уулсаар хүрээлэгдсэн бүс нутаг юм. Уулсын дунд байрлах Пёнчан хот нь Өмнөд Солонгосын аялал жуулчлалын бүс нутагт тооцогддог, уулын спорт сонирхогчдын зорин очих дуртай газар гэнэ. Ингээд танд Пёнчан хотыг зорьвол ямар газар орон, байгууламж очих талаар бяцхан зөвлөмж өгч, аяллын чиглэл гаргахад тань тусалъя...

            “Альпенсия” амралт, аялал жуулчлалын газар

            Пёнчан хотын Тэгваллен гэх байгалийн үзэсгэлэн төгөлдөр газарт байрлах “Альпенсия” амралт, аялал жуулчлалын газар... Энэ нь аялал жуулчлалын томоохон цогч төв юм. Энд гольфын талбай, цанын бааз, зочид буудал, аквапарк гэхчлэн маш олон төрлийн зугаа цэнгээний газрууд байдаг. Мөн түүнчлэн өвлийн спортоор хичээллэгсдэд зориулсан уулын цанын талбай, трамплин үсрэлтийн талбай зэрэг спортын байгууламжууд байдаг юм.

Альпенсия цогцолборын уулын цанын бааз нь нийтдээ 6 буултын талбайтай. Эдгээр зөвхөн цанын спортоос гадна мөн сноубордоор хичээллэх боломжтой юм. Мөн гэр бүлийнхэнд зориулсан, цанаар анхлан хичээллэгсдэд зориулсан тусгай замтай гэнэ. Мөн трамплин үсрэлтийн зам ч байдаг байна. “Альпенсия” амралт, аялал жуулчлалын газарт түүнчлэн цанын спортод зориулсан музей байдаг гэнэ.

“Феникс” парк

“Феникс” парк нь Пёнчан дахь хамгийн алдартай уулын цанын баазын нэг юм. Энд Олон улсын цанын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цанын хэд хэдэн тусгай зам байдаг байна. Энд ирсэн цаначид, сноубордоор хичээллэгсэд далайн түвшнээс дээш 1050 метрт өргөгдсөн уулын Монблан нэртэй оройгоос доош өөрт тохирсон замаа сонгон гулгах боломжтой юм.

Түүнчлэн энд гэр бүл, найз нөхдийнхөө хамт амрахаар ирсэн хүмүүс байгалийн сайхныг тольдон, тансаг зэрэглэлийн тав тухтай зочид буудалд тухлан амрах боломжтой юм.

2008 онд “Феникс” паркадBlue Canyon нэртэй аквапарк байгуулагджээ. Энд гэр бүлээрээ амралтынхаа өдрийг ая тухтай өнгөрүүлж, Канвондо мужийн уулын сэрүүн тунгалаг агаар амьсгалан амралтаа таатай үдэх бүхий л орчин бүрджээ. Blue Canyonнь задгай болон битүү гэсэн хоёр хэсэгтэй. Энд далайн давалгааг хиймлээр бий болгосон усан сан байхаас гадна усны гулгуур, бусад маш олон төрлийн тоглоомын хэсэг байдаг юм.  

“Ёнпхен Ресорт” уулын цанын бааз

Пёнчанд байдаг олон тооны уулын цанын баазын нэг нь “Ёнпхен Ресорт” уулын цанын бааз юм. Энэ бааз нь уулын маш олон төрлийн гүвээ даваатай бүсэд байрладгаас гадна Солонгостоо хамгийн урт цанын замтай баазад тооцогддог байна. Тиймээс чухам энэ баазыг мэргэжлийн цанын спортын тамирчид, сноубордынхон зорин ирдэг байна.

Өвлийн улирлын араас хаврын налгар өдрүүд ээлжлэн ирэх үест эндхийн цанын баазын талбайнууд гольфын талбай болох хувирдаг байна. Түүнчлэн ууланд явган аялал хийх дуртай хүмүүс ч найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ энэ газрыг зорин ирдэг юм. Энд уулын өөд өгсөхөд дөхөмтэй байх үүднээс дүүжин өргүүр ажилладаг байна.

“Одэсан” уулын парк

Уулын спорт, ууланд авиралт, уулын аялал жуулчлал сонирхдог хүмүүсийн зорин очдог газар бол “Одэсан” уулын парк юм. Чухам энэ газар Өмнөд Солонгостоо хамгийн томоохонд тооцогддог Кенбасан, Пэктоксан, Чанамасан зэрэг өндөр оргилууд байдаг гэнэ.

Олон улсын байгаль хамгааллын конгресс энэхүү паркийг тусгай хамгаалалттай бүс болгожээ. “Одэсан” уулын парк нь Пёнчан хотын ойролцоо байрладаг, хамгийн өндөр цэг нь 1563 метрийн өндөрт байрлах Пироборн цэг юм.

“Одэсан” уулын парк нь нийтдээ 300 кв/км талбай эзэлдэг. Ойн бүс, уулархаг газар, уулын горхи гэхчлэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт мөн Курен гэж нэрлэгддэг хүрхрээ байдаг байна. Өвөлдөө хөлдөн мөстдөг хүрхрээ зундаа түргэн урсгалтай уулын хүрхрээ болон хувирдаг. Энэхүү паркад түүнчлэн эрт дээр үеийн буддын сүм хийд олон байсан нь өнөөг хэр хадгалагдан үлдсэн байдаг гэнэ.

Вольжонсан дахь буддын сүм

Өмнөд Солонгосын Пёнчан хотын бас нэгэн гайхалтай газрын нэг нь Вольжонсан дахь буддын сүм юм. Энэ сүмийн үүх түүх нь хэдэн мянган жилийн настай...

Солонгосын дайны он жилүүдэд эртний сүмийн барилга байшингууд олноороо үгүй болсон ч өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн сүм цөөнгүй бий. Вольжонсан дахь буддын сүм эргэн тойрны байгалийн сайхантай төгс зохицдог, үнэхээр айван тайван, амар амгалангийн орон болсон газар юм.

Одесан уулын бэлд байрлах энэхүү сүмийг “тэргэл сарны сүм” ч гэж нэрлэдэг байна. Энэ нэрийг сүмийн барилга тэргэл сартай шөнө онцгой сайхан харагдаж, эргэн тойрны уулс, ой модод, газартай гайхалтай уусан зохицож харагддагтай холбоотой юм.

Сүмийн барилгын дэргэд чулуун цамхаг, үндэсний хэв маяг бүхий байгууламжууд, мөн Вольжонсан буддын сүмийн музей байдаг юм. Сүмийн эргэн тойронд мөнх ногоон гацуур модон ой байдаг гэнэ. Энэ газрыг гадаад дотоодын жуулчид зорин ирж үзэх дуртай байдаг гэнэ.

Санвонса сүм

Пёнчаний ойролцоо байрлах бас нэгэн буддын сүмийн нэг ньСанвонса сүм юм. Одэсан ууланд байрлах энэхүү эртний сүмийг манай эриний 705 онд баригдсан гэж үздэг байна. Эндхийн бусад сүм хийдийг бодвол Санвонса сүм дайн тулааны хөлд хамгийн бага нэрвэгдсэн учраас түүхэн дүр төрхөө илүүтэй хадгалан хоцорчээ.Санвонса сүм нь Вольжонсан буддын сүмийн цогцолбороос дээш 8 км-ийн өндөрт өргөгдсөн уулын бүсэд байрладаг байна.

Санвонса сүм нь “шүхэр” хэлбэрийн чулуун байгууламж бүхий цогцолбортой. Үүнийг нь Квандэгори гэдэг. Солонгосын Сэжү хаан Санвонса сүмд нэгэнтээ зочлон ирж, эндхийн байгалийн сайхныг шагшин магтаж, энд зундаа ирж амарч тухалдаг байжээ. Чухам энэ үед өөрийн хувцсаа шүхэр маягаар энд тавьсны дараа хааны тэрхүү үйлдлийг мөнхлөхийн тулд “шүхэр” хэлбэрийн чулуун байгууламж бий болжээ.

Тэгваллен гацаа

Тэгваллен нэртэй гацаа энд бас байдаг гэнэ. Энэ газар Өмнөд Солонгосын хамгийн хүйтэн газрын нэг гэж тооцогддог. Энд хэд хэдэн түүхэн дурсгалт газар, музей зэрэг байдаг юм. Тэдгээрээс хамгийн буддизмын музейг үзэж сонирхохоор хүмүүс олноороо зорин ирдэг байна. Музейг тойрон Дорнын хэв маяг бүхий цэцэрлэгт хүрээлэн байдаг юм.

Музейг сүүлд эрчим хүчний орчин үеийн шийдлээр тоноглож, энэ газар хамгийн эко, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний төв болсон байна.

       Самян ферм болон аварга том салхин сэнсний парк

Тэгваллен гацааны дэргэд Самян ферм болон аварга том салхин сэнсний парк байдаг.

            Самян ферм нь Ази тивд томоохонд тооцогдох аварга том бэлчээрийн талбай юм. Энэ газрыг өөрөөр Солонгосын Альп ч гэж нэрлэдэг байна. Эндхийн ногоон талд бэлчих үхэр сүрэг, хонин сүрэг нь хөдөө газрын айвуу тайвуу амьдралыг илтгэн харуулдаг байна. Энэ бүхэн байгалийн үзэсгэлэн төгөлдөр байдалтай зохицон ихэд тансаг сайхан дүр зураг бий болгодог юм. Эндхийг жуулчид зорин ирэх дуртай байдаг юм.

            Хавар нь талын алаг цэцэгс цэцэрлэж, өнгө алдам талбай угтан, уулын сэрүүн тунгалаг цаг агаартай үнэхээр дуу алдам байгалийн сайхныг бүрдүүлдэг байна. Тэгвэл намар нь энд модод шарлаж, навчсаа гөвөхөөс өмнө байгалийн түмэн өнгө энд цогцлон бий болдог байна. Түүнчлэн Одэсан уулын оройгоос холгүй байрлах далай тэнгисийг ч харах боломжтой гэнэ.

            Солонгосын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Korea Botanic Garden буюу Солонгосын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ч мөн адил Пёнчанд байдаг. Нийтдээ 105 кв/км газар нутгийг хамардаг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1,300-аад төрлийн ургамал ургадаг байна. Энд хэд хэдэн төрлөөр ангилдаг цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг юм. Экологийн хүрээлэнгээс авхуулаад сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн олон байдаг гэнэ.

Солонгосын ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд түүнчлэн амарч тухлах, алжаал ядаргаагаа тайлах тайван орчин бүрдүүлсэн жижиг кафе, зоогийн газрууд ч байдаг юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 6-8-р сарын хооронд зочлон ирвэл хамгийн таатай үед тооцогддог байна.

“Чонганвон” уламжлалт соёл урлагийн төв

“Чонганвон” уламжлалт соёл урлагийн төв Пёнчанд бий... Энэ төвийг Солонгосын уламжлалт хоолны соёл, урлагийг түгээх, хадгалах зорилгоор байгуулжээ. Түүнчлэн төвийн дэргэд эрдэм шинжилгээний төв ч мөн ажиллаж, үндэсний соёл урлаг, өв уламжлалыг судалдаг байна. Солонгосын уламжлалт ханок гэр байшингийн маягаар барьсан барилгад Солонгосын хоол, зууш, гал тогооны музей, үндэсний хувцас хэрэглэл болох ханбукийн музей, мөн “хансик” гэгдэх Солонгос хоолны сургалтын төв ажилладаг байна.

Зохиолч Ли Хё Сокийн нэрэмжит наадам

Өмнөд Солонгосын Пёнчан хотын бас нэгэн нэрийн хуудас болсон зүйл нь эндхийн нутаг орноос мэндэлсэн нэртэй зохиолч Ли Хё Сокийн нэрэмжит наадам юм.

Пёнчанд бараг сар бүр л ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэж байдаг гэвэл хилсдэхгүй. Магадгүй гадны аялагч жуулчдыг татахын тулд нутаг орны онцлогийг харуулсан үзвэр үйлчилгээ, баяр ёслол зохион байгуулдаг байж болох ч зохиолч Ли Хё Сокийн нэрэмжит наадам хамгийн өргөн дэлгэр зохион байгуулагддаг байна.

Пёнчанд цасны баяр, төмсний баяр, уулын алаг цэцэгс дэлгэрэх үеийн баяр, үндэсний хоол зуушны баяр, буддын шашны зан үйлтэй холбоотой баярууд гэхчлэн маш олон баяр тэмдэглэдэг байна.

Зохиолч Ли Хё Сокийн нэрэмжит наадмыг жил бүрийн намар тэмдэглэдэг байна. Түүний бичсэн зохиол бүтээлүүд Солонгост төдийгүй дэлхийн утга зохиолд танигджээ. Тэрээр зохиол бүтээлдээ хүн байгалийн шүтэлцээ, эгэл жирийн иргэдийн амьдрал ахуйг илүүтэй тусган бичиж байгалийн сайхныг уран яруу тансаг үгсээр илэрхийлэн бичдэг нэртэй зохиолч байжээ. Пёнчанд түүний төрж өссөн байшинд нь гэр музей нь байдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан