Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оросууд Олимпийн гэр бүлдээ эргэн морилов

  М.Даваадулам 2018-03-01 2643

Оросын тамирчдын Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт гишүүний эрхийг сэргээлээ. Ингэснээр хойд хөршийн тамирчид өөрийн улсын туг далбаан дор олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болж байна.

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Оросын Олимпийн хорооны гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ. Эрхийг нь цуцалснаас хойшхи хоёр сар гаруйн хугацаанд хойд хөршийн тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23-р наадамд үндэсний туг далбаа, төрийн дуулалгүй оролцсон юм.

Тоомжиргүй байдал туг далбаагүй хоцроов

Оросын Олимпийн хорооны гишүүнчлэлийн эрхийг ОУОХ 2017 оны 12-р сард цуцалсан билээ. Эрхийг 2-р сарын 25-ны өдөр буюу “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын сүүлийн өдөр сэргээх боломжтой байсан. Тиймээс Оросын тамирчид хаалтын ажиллагаанд өөрийн улсын туг далбааг мандуулж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Бүх зүйл тамирчид ОУОХ-ны дүрмийг хэрхэн даган мөрдөхөөс шалтгаалах байв.

Наадмын туршид Оросын тамирчдад үндэсний туг далбаа аливаа хэлбэрээр ашиглах, тэр бүү хэл хумсаа ч үндэсний далбааны цагаан, цэнхэр, улаан гэсэн өнгөөр алаглуулж будахыг хориглосон. “Пёнчан-2018” олимпийн аваргууд эх орныхоо бус Олимпийн дууллыг Пёнчаны тэнгэрт эгшиглүүлж, сонссон билээ. Оросын баг бүрэлдэхүүнийхээ төлөө тамирчин бүр хичээж, ОУОХ-ны дүрэм журмыг зөрчөөгүй. Гэвч наадмын үеэр сэргээшийн хоёр ч асуудал дэгдсэн (кёрлингчин Александр Крушельницкий, бобслейн тамирчин Надежда Сергеева).

Тиймээс Өмнөд Солонгост болсон наадмын үеэр тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг бүрэн шалгаж дуустал, Оросын Олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн хэвээр үлдээсэн юм.

Хүнд бэрх гурван сар

Оросын Олимпийн хорооны дарга Александр Жуков Оросын байгууллагын эрхийг бүрэн сэргээж байгаа тухай мэдэгдэл бүхий захидлыг 2-р сарын 28-ны өдөр ОУОХ-ноос хүлээн авснаа зарлалаа. Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шалгаж, хариу нь “сөрөг” гарснаар, ОУОХ ийнхүү шийдвэр гаргажээ. Харин Крушельницкий болон Сергеева нараас авсан сэргээшийн шинжилгээ “эерэг” гарсан нь тамирчдын зүгээс гаргасан хариуцлагагүй үйлдэл гэж ОУОХ үзсэн байна.

Оросын Олимпийн хорооны гишүүнчлэлийн эрхийг автоматаар сэргээсэн учир ямар хууль эрхзүйн хариуцлага дагалдахгүй.

“Сүүлийн гурван сар бол Оросын спортын түүхийн хувьд хар өдрүүд байлаа. Олимпийн наадмаас өмнө болон наадмын үеэр бид олон нөхцлийг даган мөрдөж, биелүүлэх шаардлагатай болсон. Пёнчаны олимпийн наадамд Оросын тамирчдыг ахалсан Станислав Поздняков бараг өдөр бүр олимпийн хорооны эрхийг сэргээх асуудлаар ярилцаж байсан”

Александр Жуков, Оросын Олимпийн хорооны дарга

Оросын Олимпийн хорооны дарга хүнд хэцүү нөхцөлд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчиддаа талархал илэрхийллээ.

“Өдөөн хатгалга зэргийг үл харгалзан амжилттай өрсөлдсөн тамирчиддаа би талархал илэрхийлмээр байна. Бидний хувьд ОУОХ-ны өнөөдөр гаргасан шийдвэр маш чухал. Оросын Олимпийн хороо нь Олимпийн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн мөн болно”

Александр Жуков, Оросын Олимпийн хорооны дарга

Пёнчан дахь олимпийн наадамд оролцсон Оросын тамирчдыг дэмжсэн хөгжөөн дэмжигчдийн үүрэг оролцоо багагүй гэдгийг тэрээр мөн тэмдэглэсэн юм. Тэдний хэн нь ч хорио цээрийн хязгаарыг давж, Оросын баг тамирчдаа хоригт унагаагүй.

Түүнчлэн Александр Жуковын ОУОХ дахь эрхийг бүрэн сэргээснээр, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд бэлтгэх комиссыг даргалах эрх ч нээгдэж байна. Тэрээр дараагийн цасан цагаан олимпийн наадмыг зохион байгуулах ажилд гар бие оролцох боломжтой боллоо.

“Бидний сэтгэл үнэхээр амарлаа”

Пёнчаны олимпийн наадамд оролцсон Оросын тамирчдыг ахалсан Станислав Поздняков ОУОХ-ны шийдвэр нь удаан хугацаанд хүсэн хүлээсэн тайвшрал авчирлаа гэдгийг тэмдэглэжээ.

 “Маш хүнд, ихээхэн хүчин чармайлт шаардсан, энгийн бус ажил дууслаа. Бидний сэтгэл санаа тайвширлаа. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ихэнх нь олонд мэдэгдэхгүй өнгөрөх байх. Гэхдээ манай тамирчид, дасгалжуулагчид, мэргэжилтнүүд болон Олимпийн наадамд оролцсон баг хамт олон хэдий Олимпийн туг далбаан дор оролцсон ч, улс эх орноо нэр төртэй төлөөлж, амжилт гаргаж чадсан”

Станислав Поздняков, Пёнчаны олимпийн наадамд оролцсон Оросын баг тамирчдын ахлагч

Оросын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмаас 17 медаль (2 алт, 6 мөнгө, 9 хүрэл) медаль хүртсэн. Оросын хоккейчид 26 жилийн дараа Олимпийн аварга болж, эх орондоо аваргын алтан медаль авчирсан юм. Харин хоёр дахь алтан медалийг 15 настай уран гулгагч Алина Загитова хүртсэн билээ.

Оросын баг тамирчид наадамд оролцсон 192 орноос медалийн чансаагаар 13-рт эрэмбэлэгдсэн. Өмнөд Солонгост болсон цасан цагаан олимпийн наадамд Olympic Athlete from Russia (OAR) буюу Оросын Олимпийн тамирчид нэрийн дор оролцсон билээ.

“Пёнчан-2018” олимпийн наадамд Оросын 168 тамирчин оролцсон (тэшүүрчин Ольга Граф оролцохоос татгалзсан). Олон улсын олимпийн хорооноос урилга – зөвшөөрөл аваагүй учир Оросын спортын сор болсон тамирчид өвлийн 23 дахь удаагийн наадмыг өнжихөд хүрсэн юм.

Эх сурвалж: TASS Russian News Agency

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө