Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Пёнчан-2018” Паралимпийн наадмын гал аслаа

  М.Даваадулам 2018-03-09 2948

“Пёнчан-2018” өвлийн Паралимпийн XII удаагийн наадмын гал асч, эв санааны нэгдэл болсон спортын их наадам албан ёсоор хөшгөө нээлээ.

Өмнөд Солонгосын таван хотоос авчирсан бамбарыг энэ сарын 3-ны өдөр нийслэл Сөүл хотод нэгтгэснээр, “Пёнчан-2018” өвлийн Паралимпийн наадмын бамбар аялуулах ёслол эхэлсэн юм. Паралимпийн наадам үүсч хөгжсөн Англиас авчирсан тоон бамбар болон 1988 онд бадамлуулсан Сөүлийн паралимпийн наадмын бамбарын дөлийг нэгтгэн бадамлуулснаараа онцлогтой.

Паралимпийн XII наадмын бамбар Өмнөд Солонгосын Канвондо мужийн бүх л хотоор аялсан бөгөөд 800 гаруй хүн бамбарыг 2018 км аялуулжээ.

Өнөөдөр цэнгэлдэхэд бамбарыг аялуулах, Паралимпийн гал асаах үйл явц бүр өөрийн учир утга, бэлгэдэл агуулжээ. Өмнөд Солонгосын Чой Бок болон Умард Солонгосын тамирчин Ма Лю Чоль нар үзэл суртлын зохицолдлогыг, Өмнөд Солонгосын тамирчин Со Па На Ми болон түүний Канад дасгалжуулагч Каспар Вирц нар дэлхийн өөр улс орны иргэдийн зохицолдлогыг илэрхийлжээ.

Харин эцэг хүү Пак Ун Чон, Пак Чи Хун нар үе үеийн төлөөллийг зохицолдлогыг харуулсан байна. Эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эв санааны нэгдлийг харааны бэрхшээлтэй тамирчин Лян Жэ Лим, спортын нэвтрүүлгийн хөтлөгч Ко Ун Сори нар харуулжээ.

Паралимпийн галыг бадамлуулах тамирчдад бамбарыг шилжүүлэх хариуцлагатай үүрэг хоккейчин Хан Мин Сод оногдсон. Мөрөөдөлд хүрэх тэмүүллийн бэлгэдлийг түүгээр төлөөлүүлжээ. Паралимпийн галыг асаахын тулд Хан Мин Со уулчдын тусгай тоноглол ашигласан байна.

Харин Паралимпийн галыг тэргэнцэртэй кёрлингийн тамирчин Со Сун Сок, кёрлингчин Ким Ун Чон нар асаажээ. Паралимп болон олимпийн хөдөлгөөн зэрэгцэн оршин тогтнодог гэдгийг тэд бэлгэдэн харуулсан юм.

“Пёнчан-2018” өвлийн Паралимпийн XII наадам 3-р сарын 9-18-ны өдрүүдэд үргэлжилнэ. 49 улс орны 600 орчим тамирчин уулын цана, биатлон, гүйлтийн цана, следж-хоккей, сноуборд, тэргэнцэртэй кёрлинг гэсэн спортын 6 төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөнө. Гүрж, Тажикистан, БНАСАУ-ын тамирчид анх удаа Паралимпийн наадамд оролцож буй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө