Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ильхан Омар гэж хэн бэ?

  М.Даваадулам 2018-11-09 619

АНУ-ын завсрын сонгууль “хамгийн” болон “анхны” гэх тодотголоор дүүрэн байгаа талаар бид өчигдрийн тойм хөтөлбөрөөрөө онцолсон. Тэгвэл нэг дор олон ч анхны гэх тодотголыг Америкийн Конгресст авчраад байгаа Сомалийн дүрвэгч Ильхан Омарыг онцолж байна. Тэрээр Конгрессын төлөөлөгчдийн танхимд суух анхны лалын шашинт эмэгтэй, мөн хижабтай анхны төлөөлөгч бүсгүй юм. Миннесота мужаас Төлөөлөгчдийн танхимд 78.4% саналаар сонгогдсон Ильхан Омар гэж хэн бэ? Тэрээр ямар амлалт өгч сонгогдсон бэ? Доналд Трамп Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжлэгч лалын шашинт бүсгүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Энэ жилийн Америкийн завсрын сонгууль гэнэтийн сюрпризээр дүүрэн байлаа. Мөн Америкийн улс төрд эргэлт хийлээ гэдгийг олон улсад онцолж байна. Капитолийн гүвээн дээр анх удаа лалын шашинт хоёр ч бүсгүй хүрэлцэн ирэх бөгөөд тэдний нэг нь бүр хижабтай Конгрессын танхимд суухаар болж байна.

Тэр бол Ильхан Омар. 36 настай, гурван хүүхдийн ээж Ильханы хувьд анхдагч гэх олон тодотгол зүүж байна:

  • Конгресст сонгогдсон анхны лалын шашинт хоёр эмэгтэйн нэг.
  • Конгресс дахь Сомали гаралтай анхны иргэн.
  • Конгресст сонгогдсон хамгийн анхны дүрвэгч.
  • Конгрессын танхимд суух хамгийн анхны хижабтай эмэгтэй.
  • Конгресст Миннесота мужийг төлөөлөх хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй.

Өмнө нь Ильхан Омар нь Америкийн Миннесота мужийн Төлөөлөгчдийн танхимд 2016 онд сонгогдсон бөгөөд тус мужийн Төлөөлөгчдийн танхимд суусан анхны Сомалийн иргэн болж байсан юм. Хүн аливаа зорьсон зүйлийнхээ төлөө чин үнэнчээр хөдөлмөрвөл амжилт ойрхон байдаг гэдгийг Ильхан Омар ялалт байгуулсныхаа дараа мэдэгдлээ.

“Хүмүүст хүргэх миний мессеж бол.. Хэрэв шаргуу хөдөлмөрлөж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын төлөө зүтгэвэл та хүссэн бүх л зүйлдээ хүрнэ гэдгийг хэлмээр байна”

Ильхан Омар нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дүрвэгсдийн эсрэг бодлого, лалын шашинтнуудын эсрэг үзэл суртлыг эсэргүүцэж байсан юм. Мөн Доналд Трампын тогтоосон цагаачлалын хязгаарлалтыг эсэргүүцэж, АНУ-ын цагаачлал болон хил гаалийн бодлогыг халахын төлөө идэвхтэй тэмцэгч хэмээн танигдсан. Тэгвэл Трамп Ерөнхийлөгчийн бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэдгээ ялалт байгуулсныхаа дараа хэллээ.

“Энэ удаагийн сонгуулийн дүн бол энэ улс яг л том гэр бүл адил, дүрвэгч цагаачдыг хэрхэн дэмжиж байгааг харууллаа. Ерөнхийлөгч Трампын хувьд бид түүнийг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй”

АНУ-ын төрийн тэргүүний суудалд суусныхаа дараахан Доналд Трамп Ерөнхийлөгчийн баталсан хууль дунд АНУ-ын хилээр Иран, Ирак, Сири, Йемен, Сомали, Судан болон Ливи гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон юм. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг АНУ-ын Дээд шүүх энэ оны 6-р сард баталсан.

Трамп Ерөнхийлөгч өөрийн кампанит ажлынхаа үеэр л Миннесота дахь Сомалийн нийгэмлэгийн тухай онцолж, дүрвэгсдийг шалгах хяналт сул байгаагаас тус мужийг, цаашлаад бүхэлдээ улс орныг аюултай бүс нутаг болгож байна гэж шүүмжилж байсан.

Ильхан Омар өнгөрсөн оны 4-р сард ВВС агентлагт ярилцлага өгөхдөө Трамп Ерөнхийлөгчийн эдгээр мэдэгдэл нийгмийг цочирдуулж айлгаагүй, харин ч өөрчлөлт шинэчлэлийн төлөө сөрөн зогсож, тэмцэх итгэл хүч өгсөн гэдгийг онцолсон юм.

“Бидэнд хамтран ажиллах боломж бий. Бид зөвхөн Сомалийчууд гэж санаа зовних биш бид бүгд лалын шашинтнууд, бид цөөнх, бид дүрвэгсэд гэж давхар санаа зовних ёстой. Бид хүүхэд эмэгтэйчүүдийн хувь заяаны төлөө санаа зовниж байна. Яагаад гэвэл тэд бүгд Трамп Ерөнхийлөгчийн захиргааны аюулд өртөөд байна”

Pew Research Center судалгааны төвийн явуулсан санал асуулгаар АНУ-д оршин сууж, амьдарч байгаа лалын шашинтнуудын тал хувь Трамп Ерөнхийлөгчийн баталсан хуулийн дараа гадуурхал мэдэрсэн гэжээ. 75% нь лалын шашинтнуудыг ихээхэн гадуурхаж байна гэж үзсэн бол, 74% нь Трамп Ерөнхийлөгчийн бодлого лалын шашинтнуудад дайсагнасан гэж үзжээ.

2017 оны байдлаар АНУ-ын нутаг дэвсгэрт янз бүрийн насны нийт 3 сая 350 мянган лалын шашинтан амьдарч байжээ. Энэ нь нийт хүн амын 1%-ийг эзэлж байгаа юм. Одоогоос арван жилийн өмнөхтэй харьцуулахад Америкт оршин суух лалын шашинт иргэдийн тоо 1 саяар нэмэгдсэн байна.


Омар 8 насандаа эцэг эхийн хамтаар эх орон Сомали улсаас дүрвэж, Кени дахь дүрвэгсдийн хуаранд 4 жил гаруйн турш амьдарч байжээ. Лютераны сүмийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хамт 14 настайдаа Миннеаполис руу нүүсэн байна. Одоо харин аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдарч, гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна. Конгрессын Төлөөлөгчийн танхимд сонгогдсоныхоо дараа Ильхам Омар өөрийг нь хүчээр нөхөрт гаргаж байсан тухай анх ам нээсэн юм.

Ильхан Омар төлөөлөх ардчилал жинхэнэ утгаараа ямар байдгийг харуулахын тулд Конгрессын сонгуульд нэр дэвшсэн гэдгээ хэллээ. Түүний хувьд нийтийн эрүүл мэндийн тогтолцооны төлөө тэмцэгч. Харин энэ сэдэв бол сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам хоорондын маргаантай сэдэв байгаа. Ильхан Омар түүнчлэн цалингийн доод хэмжээг цагийн 15 ам.доллар болгон нэмэгдүүлж, ядуу гэр бүлээс гаралтай оюутан залууст дээд боловсрол эзэмшихэд тэтгэмж олгохыг санал болгож байсан юм.


Ильхан Омар нь Америкийн Конгресст анх удаа сонгогдсон хоёр лалын шашинт эмэгтэйн нэг. Хоёр дахь бүсгүй бол Пакистан гаралтай Рашида Тлаиб. Тэрээр Конгрессын доод танхимд Мичиган мужийг төлөөлнө. Сонгуулийн өмнө ажилчин ангийн эрхийн төлөө тэмцэхээ амласан. 42 настай бүсгүй Мичиган мужийн Төлөөлөгчдийн танхимын анхны лалын шашинт эмэгтэй төлөөлөгч гэдгээрээ онцлогтой. Рашида Тлаиб нь Пакистаны дүрвэгсдийн гэр бүлд мэндэлсэн. Ильхан Омараас ялгаатай нь Америкийн нутаг дэвсгэрт төрж өссөн юм.

Энэ жил Америкийн Конгрессын завсрын сонгуульд хамгийн олон буюу 100 гаруй лалын шашинтан холбооны болон орон нутгийн түвшний сонгуульд нэр дэвшжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө