Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХӨЛӨӨРӨӨ ЗУРДАГ” ТАРХИНЫ СААТАЙ ЗУРААЧ НАЙЗУУДЫН ХАМТ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

  Г.Бадамлянхуа 2018-12-03 697

Энэ охиныг С. Намууцэцэг гэдэг. Гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг Намуунаа гэж дууддаг. Тэрбээр тархины саа өвчтэй ч үүнийгээ зовлон, бэрхшээл гэж хэзээ ч харж байгаагүй  хэмээн ярьж байсан юм. Намуунаа 10 настайгаасаа эхлэн уран зургаар хичээллэжээ. Одоо тэр мэргэжлийн зураач. Намуунцэцэг хөлөөрөө зурдаг.

Хөлөөрөө зөвхөн зураад ч зогсохгүй цай хоол хийх, хувцасаа угааж, индүүдэх, гоёж гоодох гээд бүгдийг чадамгай хийдэг байна.

Харин энэ залууг Ц. Мөнхтулга гэдэг. Яруу найрагч. “Зүрхэнд унасан нулимс”, “Ээджээ л зориулъя”, “Нууцлаг хүмүүний золиос”, “Тэнгэрийн зангараг” зэрэг яруу найргийн хэд хэдэн ном гаргаж байжээ. Таны харж байгаа эдгээр зураг бол зураач Л. Золбоогийн бүтээл. Л. Золбоо “Анима” ДУДС-ийг 2009 онд төгссөн. Мэргэжлийн зураач. Тэрбээр 6 удаа хамтарсан үзэсгэлэн гаргаж байжээ. Эдгээр уран бүтээлчид тархины саатай. Олонхын нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй. Бусдын нүдэнд хөгжлийн бэрхшээлтэй харагдах ч өөрсдийнхөө хувьд хөгжлөөс хоцорч, бусдаар дутах мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй хэмээн уран бүтээлчид ярьж байлаа. Тэд өнөөдөр том зорилго өвөртлөн “Эс” хэмээх хамтарсан үзэсгэлэн гаргажээ. Байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар ээлжит үзэсгэлэнгээ гаргасан байна. Үзэсгэлэнд 40 орчим уран зураг дэлгэгджээ.

“Маршал арт” галерейн ханыг зөвхөн С.Намуунаа, Л.Золбоо нарын уран зураг чимээд зогссонгүй. Үзэсгэлэнгийн танхимын орчин Мөнхтулга найрагчийн сэтгэлээс урсах мөртүүд, уран бүтээлүүдээс хамааралтай байлаа. Хамтарсан үзэсгэлэн гаргаж бусдын төлөө сайн үйл хийж, айл гэрт аз жаргал нэмэх санаа Ц.Мөнхтулгаас улбаатай гэнэ.

Нинжин сэтгэл шингээн зураас өнгөө татав, Нэгийн цаана гурвыг санаж үг мөрт тэрлэв, Нялх балчир дүү нартаа дээвэр бэхлэн өргөе, Нандин дулаан ээжүүддээ туурга зэхэн өргөе хэмээн  эдгээр уран бүтээлчид сэтгэлээ нэгтгэж “Эс” хэмээх үзэсгэлэн гаргажээ. Эд бол саад бэрхшээлийг сөрж алхах тэвчээртэй, бусдын төлөө цохилох зүрхтэй олон олон хүмүүсийн төлөөлөл.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө