Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТИЙМ Л ӨДӨР ИЙМ Л ХҮНТЭЙ...

  Г.Бадамлянхуа 2016-12-07 185

/Баярт тэмдэглэл/

Энэ өдрийг сонин хэрнээ гайхалтай өдөр гэж тодотгоё. Надад тохиох гэнэтийн юм бүхэн чухам яагаад, яагаад үргэлж автобусанд өрнөдөг юм бэ? гэж энэ тухай өөрөө ч ойлгодоггүй өөрөөсөө яг одоо асууж сууна. Энэ удаад ч мөн ялгаагүй ийм нэгэн явдал 34 номерын чиглэлийн автобусанд болсон юм. Миний зорчиж явсан автобусанд шингэхэн буурал үстэй агаад тэрхүү үсээ нэг талаас нь нөгөөрүү нь эвтэйхэн самнаж зассан, монхордуу хамар, боровтор царайтай, өөртөө зохицуулж цэвэрхэн хувцасласан настайвтар боловч жавхаалаг нэгэн орж ирээд миний чанх урдах суудлыг эзэллээ. Яг энэ агшинтай зэрэгцээд үгүй ээ, энэ чинь нэг л таньдаг царай, хэн билээ, хаана харлаа... Аан нээрээ тийм зохиолч. Гэвч хэн болохыг нь тухайлж ядав. 
-Уучлаарай, та зохиолч байх аа?
-Магадгүй 
Тэрбээр магадгүй гэж хэлэхдээ нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулан ихэмсэг хэрнээ даруухан хариулт өгсөн. Энэ л үг миний сониуч зан хийгээд бид хоёрын яриа цаашид өрнөн хөгжих гол зангилаа ч болсон байж болох юм. Ингээд бүх л бүтэн нэг буудлын турш түүний нэрийг санах гэж байдгаараа хичээсэн боловч бүтэлгүйтлээ. Уг нь Дарь-Эхэд ахын амбаарт дараатай байгаа хэдэн номны маань аль нэгэнд нэр устайгаа, зохиол бүтээлтэйгээ байгаа даа. Их л нэртэй том зохиолч. Ш.Сүрэнжав гуай бол биш. П.Лувсанцэрэн гуай гэхээр, үгүй ээ тэр хүн чинь аль эрт тэнгэр хальсан шүү дээ, Догмид зохиолч ч билүү хэмээн эргэлзэж, чухам тэр гээд нэр оноож чадахгүйдээ зөнөж орхисон чавганц биш дээ гэж өөртөө уурлан болдог бол автобуснаас “үсэрч” гараад нөгөө хэдэн номноосоо хэн бэ гэдгийг нь тодорхойлмоор ч юм шиг. Аргаа барахдаа бүр уйлмаар ч санагдаж байснаа одоо нэгэнт нуух юун. Хэсэг яваад би тэвчихээ байлаа. Зүрх гарган байж “Та хаана буух вэ” гээд яриа өдөж орхив. “Сансрын буудал дэр бууна. Ингэхэд чи СУИС-ийн хүүхэд үү” гэж хариу асуулаа. Намайг огт танихгүй гурван хүн ингэж асуусны нэг нь энэ хүн байв. Гэсэн ч намайг тоож ярьсанд нь олзуурхан “Үгүй ээ, би МУИС-ийн Утга зохиол судлаач, сэтгүүлчийн ангийн оюутан. Би таныг ингэж ойроос харж байсан удаагүй. Монголын сонгомол өгүүллэг номны хавтсан дээрээс харж байсан санагдана. Харин нэр тань ер санаанд буудаггүй” гэхэд тэрээр миний тун гярхайг гайхаад, чи “Цахилж яваа гөрөөс” зохиолыг уншсан уу? Гэхэд би учиргүй их баярлаж, хүүе ээ та чинь тэгэхээр Дарамын Батбаяр гуай байх нь ээ... гэж хэлэхдээ дотроо зөвхөн энэ л мөчийг хүлээж байлаа. Ингээд бидний яриа цааш өрнөлөө. Тэгэлгүй яах вэ. Таны зохиолыг уншсан. Бас “Бүтээхүйн зүй тогтол, Сайхныг бүтээх нууц”номыг тань ч мэднэ гэхэд тэрбээр уг номныхоо хоёр дахь дэвтрийг энэ намар гаргана, уншаарай гэлээ. Мөн миний аль нутгийн хүүхэд болохыг асуун би хариуд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүүхэд гэхэд “Өө хоёулаа нэг нутгийн улс байх нь” гээд бүр ч элгэмсүү хандах нь тэр. “Эрдэнэдалайд манай хамаатнуудаас байдаг. Чи Шар гэж хөгшнийг таних болов уу? Охин нь Нанжид гээд багш бий. Тэр Шар гэдэг хүүхний өвгөн нь Өршөө гэж хүндлэгдсэн хувилгаан хүн байсан юм. Манай эмээгийн дүү нь” гэхэд би гайхаж бас өвөө маань тэр хувилгааны тухай өмнө нь дурсаж байсан нь ч санаанд орлоо. Манай өвөө таны яриад байгаа Шар гэдэг хүүхний дүү нь Дэлэг гэж хүн бий гэхэд тэрбээр манай өвөөг сайн таньдаг болохоо хэлээд биеийн байдлыг нь асууж байсан. Тэр бүү хэл өвөөг маань Баянгийн уул, Өнгөт хавиар нутагладгийг нь хүртэл мэдэж байв. Ийнхүү бид хоёрын яриа улам л сонирхолтой, хорхой хүргэм сайхан болж байсан хэдий ч миний буух газар улам л дөхөж байлаа. Гэтэл та хоёр яриад бай, яриад бай гэж биднийг дэмжсэн ч юм шиг Баянбүрдээс цааш битүү замын түгжрээ болсон байлаа. Тэрбээр надаас “ Уран зохиолдоо илүү дуртай байна уу, эсвэл сэтгүүл зүйдээ дуртай байна уу , мэдээ бичихдээ хэр удаж байна, их удаад, няхуур, найруулаад, дээр нь жаахан хэтрүүлэгтэй, уран сайхны халилтай бичих гээд байвал миний хүү уран зохиолыг нэг оролдоод үз. Магадгүй чи уран зохиолын хүн ч байж болох юм” гээд өч төчнөөн л зөвлөгөө өгч “Сармагчин бол сармагчин”, “Тавиул”, “Өшөө” зэрэг П.Баярсайханы зохиол бүтээл, “Цаг төрийн үймээн”, “Хөгшин чоно ульсан нь” ... гээд Д.Намдаг гуай бүтээлийг бүгдийг нь, “Ус шиг цэнхэр”, “Нурамтын өвөрт” ... гэх мэтчилэн П.Лувсанцэрэн гуайн зохиол бүтээлүүдийг сайн уншаарай гэхэд бүгдийг нь уншсан гэж ам бардам хэлэхдээ МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш нартаа юу юунаас ч илүү баярлаж, бас тэднээрээ бахархаж билээ. Мөн дээрх зохиолчдоос гадна Дэлхийн сонгодог өгүүллэгүүд, тэр дундаа Хорхе Луис Борхесийн “Бурхны бичээс”, “Медаль”, “Хоер хаан, Хоёр хонгил”, “Парацельса”, Миларад Павичийн “Загасны хайрсан бүрх”, “Татсан утас шиг амьдрал”, “Баруун булангийн нартай зураг” гэх мэт зохиолуудыг заавал уншаарай хэмээн миний тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж өгөөд их л үнэтэй зөвлөгөө өглөө. Би ч сэтгэл хөдлөөд түүнд өөрийн бичсэн нэгэн сурвалжлагаа харуултал “Зулзаган цэцэг өнгөө олж, Зуны цэцэрлэг үүдээ нээлээ”гэнэ ээ хө нэр нь хүртэл толгой холбожээ хэмээгээд танай сонинд Содномпил гэж хүн байх ёстой. За тэр хүн чинь их мундаг хүн шүү, миний хүү сайн танилцаж аваарай гэж хэлэхдээ түүний тухай илүү сонин, илүү гайхам сайхан зүйлийг хэлсэн ч одоо энд бичиж болох үгүйг сайн мэдэхгүй тул ингээд орхиё. Нээрээ Д.Батбаяр гуай надад их сонин юм дуулгасан. Чи “Цахилж яваа гөрөөс” киноны зураг авалтыг хаана хийсэн гэж бодож байна. Танай суманд хийсэн шүү дээ, бүр хэний гэрийг барьж хийсэн гэж бодож байна гээд яг л таавар таалгаж буй хүүхэд хариултаа хүлээсэн аятай нүүр өөд жоготой инээмсэглээд асуусан асуултандаа тэр дор нь өөрөө хариулав. Шар эгчийн чинь том хүү Бандийн гэрийг гэхэд би, аан бид түүнийг Бандагай гэж авгайлдаг юм. Тэдний гэрийг барьж байсан байх нь гээд тун сонирхолтой зүйл сонссондоо ч тэр үү ихэд баярлав. Манай ангийнхан таны “Цахилж яваа гөрөөс” туужийг саяхан задалж ярьцгаасан. Багшийнхаа ярианаас сонсоход таныг нэгэн яриандаа: Би чухам яагаад, ямар учраас тийм нэр өгснөө санадаггүй юм. Нэг л мэдэхэд өгчихсөн байсан хэмээн ярьсан хэдий ч одоо бодоход хамгийн оновчтой, хамгийн зөв нэр ээ өгчээ хэмээн багш минь бидэнд ярьж байсан. Нээрээ ч яг тийм санагддаг шүү. Үүнийг сонсоод тэр өнөө л инээмсэглэдгээрээ инээмсэглэлээ. Би их догдолж, бас хөөрч байсан. Аливаа хүн аль таарсан нэгэндээ сайхан сэтгэл төрүүлж, урмыг нь хөглөж, сэтгэлийг нь дэврээж явах нь буян үйлдэж байгаагаас ялгаагүй гэж би бодож явлаа. Нэг мэдэхэд би “Ардын эрх”-ийн буудал дээр ирсэн байлаа. Энэ хооронд утасных нь дугаарыг гарынх нь үсэгтэй хэдийнэ аваад амжив. За Батбаяр гуай баяртай, баяртай, баяртай. Энэ үгийг би суудлаасаа босоод хаалгаар гаран гартлаа өөрийн мэдэлгүй хэлж байлаа. Автобуснаас буутал нар хүртэл нүүр өөд инээмсэглэн угтах шиг санагдаж, зогсоол дээр овоорон зогсох хүн бүхнийг тэвэрмээр, үнсмээр, намайг гомдоож байсан бүгдийг уучилмаар, уур уцаар гэдгийг огоорч орхиод хаашаа ч хамаагүй гүймээр туйлийн гайхалтай мэдрэмж намайг сайхан бүхэнрүү хөтөлж байлаа. Нээрээ тийм, зохиолоо учир битүүлэг төгсгөдөг, намайг гүн бодолд автуулаад, басхүү маш их сонирхол татаад байсан өнөө “Үл үзэгдэгч” өгүүллэгийг бичсэн, бас “Зохиолын төгсгөл эхлэхээс хэцүү. Уулын уруу өнхөрч яваа чулуг тогтоохтой адил бэрх. Магадгүй ийм хэцүү учраас ч зохиолчид хэлэх гэсэн санаагаа гүйцмэгц нь зохиолоо төгсгөчихдөг байж мэднэ. Мэдээж иймэрхүү төгсгөл сайн бус болдог” гэж хэлсэн хүн чинь та байж шүү дээ хэмээн эргэн хартал түүний сууж яваа автобус аль хэдийн холдсон байлаа.
 2014 оны зуны дунд сар.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан