Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч.Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна

  Г.Бадамлянхуа 2017-11-10 735

Монголын уран зохиолын түүхэнд нэр, мөрөө тодоос тод мөнхлөн үлдээсэн 20-р зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг, Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд нэлээд олон ажил өрнөж байна. Зуун жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулагдан өнгөрсөн 6-р сараас эхлэн томоохон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.  Тухайлбал, Зохиолчийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Далангийн нурууны Янчилын ам гэх газар түүний төрсөн буурин дээр зохиолчийн дүр бүхий гэрэлт хөшөөг босгож байсан.  Мөн түүний бүтээсэн тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн уран бүтээлчдийн уулзалт зохион байгуулсан бол өнөөдөр түүний амьдрал, уран бүтээлийн тухай олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, ШУА-ин хэл зохиолын хүрээлэн, Ч.Лодойдамба сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 Монголын нэрт зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамба 1917 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд мэндэлж, 52 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэдийгээр 30 хүрэхгүй жил ажил алба эрхэлсэн ч, ихийг хийж бүтээсэн ер бусын уран бүтээлч байсныг түүний ойр дотнынхон дурсан ярьж байсан юм. Ном, зохиолд дуртай түүнийг ихэнх цагаа бичиж, туурвиж өнгөрөөдөг байсан гэж зарим хүмүүс боддог ч гэр бүлдээ, тэр дундаа үр хүүхдүүддээ юу юунаас ч илүү цаг гаргадаг байсан тухай их зохиолчийн охин Л.Насанбаяр ярьж байлаа.

Зохиолч Ч.Лодойдамба Алтайд, Тунгалаг тамир роман, Малгайтай чоно, Солонго, Дусал нулимс юу гэж хэлсэн бол зэрэг 10 гаруй шилдэг өгүүллэг, Гарын таван хуруу, Өөрийн замаар, Итгэж болно зэрэг кино зохиол зэрэг олны сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээл туурвиж байсан. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд Ч.Лодойдамба зохиолчийн бичсэн тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, ард түмэндээ хүндлэгдсэн олон уран бүтээлчид ирсний нэг нь Тунгалаг тамир кинонд Дулмаагийн дүрийг бүтээсэн МУГЖ Ш. Дэлгэржаргал байсан юм. Жүжигчин Ш.Дэлгэржаргал кинонд тоглохдоо төрөөд 10 гаруйхан хоногтой, нялх биетэй байхдаа Дулмаагийн дүрийг бүтээсэн тухайгаа дурсан ярьж байсан юм.

 1940-1970-аад оны Монголын улс төр, нийгмийн шинэчлэл, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хуралд илтгэгчид 20 гаруй сэдвээр түүний амьдрал, уран бүтээлийн тухай сонирхолтой илтгэлүүд тавьж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан