Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МУГЖ Д.Нанжидын 70-н жилийн ойг тэмдэглэнэ

  admin 2017-12-01 439

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, 70-н жилийн ойг нь тэмдэглэх гэж байна.

   Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт мэндэлжээ. 1940 онд бага сургууль, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. 1945-1972 онд улсын Эстрад концертын товчоо, ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуулийн соёлын салбарт бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ-т бүжгийн багш, бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд бүжгийн багш, 1993 оноос эхлэн СУИС-д бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

   Д.Нанжид орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг буюу нэрт бүжигчин, багш, бүжиг дэглээч, судлаач, өв тээгч юм. Тэрээр Монгол улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушын хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан төдийгүй, “Эрх эшиг”, “Аягтай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэсэн нь түүний нөр их бүтээлч, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой.

Д.Нанжид Монголын уламжлалт бүжиг тэр дундаа бий биелгээг судалгааны эргэлтэнд оруулж, уран бүтээлийн арвин баялаг туршлагадаа суурилан “Д.Нанжидын Монгол бүжгийн сургалт” хэмээн нэрлэгддэг монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан өөрийн дэг сургалтыг бий болгожээ. Тэрээр 1993 оноос СУИС-д багшлах хугацаандаа “Монголын уламжлалт бүжиг” хичээлийн хөтөлбөр боловсруулан, бий биелгээний олон арван элемент, хөдөлгөөнийг сургалтанд оруулж, нэр томъёо оноон өгсөн нь Монгол бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр болсон юм.

Д.Нанжид багшлах хугацаандаа бүжгийн урлагт олон зуун шавь төрүүлсэн бөгөөд тэдний дундаас МУУГЗ Д.Баярбаатар, МУУГЗ Д.Энхгэрэл, МУГЖ, Доктор Д.Бэхбат, СУИС-ийн багш, Доктор Ж.Эрдэнэхорлоо, багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, Л.Баттөр, Т.Отгонсүрэн, Ш.Дамдинбазар, А.Хосбаяр нарыг онцлон дурьдаж болно. Түүний хэвлүүлсэн ном сурах бичиг, эрдэм шинжилгээний олон арван илтгэл өгүүлэл нь өдгөө Монголын бүжгийн урлагийн сургалт, судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байна. Тэрээр 2010 онд “Монголын уламжлалт бий биелгээ”-г ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Мөн тэрээр хилийн чанадад олон улсын уралдаан тэмцээн, тоглолт фестивалд удаа дараа амжилттай оролцож үндэснийхээ бүжгийн урлагийг дэлхий дахинд сурталчлахад чухал хувь нэмрээ оруулжээ.

Д.Нанжидын Монголын бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж, 1969 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, 1981 онд Соёлын тэргүүний ажилтан, 1986 онд “Алтан гадас” одонгоор шагнасан бол 2005 онд СУИС-иас Хүндэт профессор цол олгожээ.

СУИС-ийн байр  “Оюутан театрт” /2017.12.01/

  • “Дунжаагийн Нанжид” баримтат киноны нээлт

СУИС-ийн байр  “Оюутан театрт” /2017.12.04/

10:00 цагт “Дунжаагийн Нанжид судлал” Эрдэм шинжилгээний хурал

10:00 цагт “Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж” номын нээлт

Үндэсний урлагийн их театрт /2017.12.04/

17:00 цагт /Дунжаагийн Нанжид бүжгийн урлагт 70 жил/ хүндэтгэлийн тоглолт тус тус болно 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан