Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энэтхэг улсад төгсөгчдийн уулзалт боллоо

  М.Даваадулам 2018-01-11 2134

Бүгд Найрамдах Энэтхэг улсад төгсөгчдийн уулзалт боллоо. Энэтхэгийн Засгийн газраас олгодог ITEC-ийн богино хугацааны хөтөлбөрийг төгсөгчдийн уулзалтыг Энэтхэгийн Элчин сайдын яамнаас жил бүр зохион байгуулдаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролын тогтолцоо нь Энэтхэг улсыг зорих шалтгаан болдог. Цэгцтэй мэдлэг олгодог гэдгийг төгсөгчид онцолж байлаа. 

Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг 1964 онд Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру санаачлан эхлүүлжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж аваад удаагүй орнуудад дэмжлэг үзүүлэх, өөрийн улсын туршлагыг хуваалцах зорилготой эхлүүлсэн энэ хөтөлбөрт өнгөрсөн хагас зууны хугацаанд 162 орны 10,000 иргэн хамрагдсан байна. Жил ирэх тутам тэтгэлэг олгох орны тоо нэмэгдэж, тэтгэлэгт хөтөлбөрийн жагсаалт өргөжиж байгаа, тэр дундаа хөтөлбөрт хамрагдах Монгол иргэдийн тоо нэмэгдэж байгааг БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд доктор Суреш Бабу тэмдэглэлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар Монгол улсын нэг мянга орчим иргэн Энэтхэгийн Засгийн газрын ITEC-ийн хөтөлбөрт хамрагдсан судалгаа бий. 2017 онд л гэхэд Монголын 150 боловсон хүчин Энэтхэгт энэ хөтөлбөрийн хүрээнд мэргэжил дээшлүүлсэн. Монгол улс ITEC-ийн хөтөлбөрт хамгийн олон квоттой орны нэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу” хэмээсэн юм. 

Мэдээллийн технологиороо дэлхийд тэргүүлэгч, боловсролын бүтэц, чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багшлах боловсон хүчин нь чанарын дээд түвшинд хангалттай бэлтгэгдсэн, материаллаг бааз, тоног төхөөрөмж сайтай зэрэг олон шалтгаанаар залуус Энэтхэг улсад суралцахаар сонгодог байна.

Уулзалтын үеэр ITEC-ийн хөтөлбөрийг төгсөгчдийн фэйсбүүк пэйжийг албан ёсоор нээлээ. Төгсөгчид сошиал орчинд харилцан мэдээлэл туршлага солилцож, хамтран улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг энэ пэйж олгох юм.

Ирэх хичээлийн жилд Энэтхэгийн Засгийн газар Монголын 25-30 иргэнд бакалавр, магистр, доктор болон докторын дараах сургалтын тэтгэлэг олгохоор зарлажээ. Хөтөлбөрт элсэх онлайн өргөдлийг энэ сарын 20-ныг хүртэл Энэтхэг улсын Элчин сайдын яаманд хүлээн авах юм байна.  Оюутан залуус Энэтхэгийн ЭСЯ-нд хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө