Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

3333 сурагч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа

  admin 2018-04-09 1402

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.

Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг гарган Сүхбаатарын талбайд зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт уншсан юм.

Шүлэг уншиж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар “Тусгаар тогтнол” шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа.

Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна.

Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.

…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг.

Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай.

Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн хамт олонд гардуулж өглөө.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан