Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн сэдэв: Дубайн гэрээгээр МОНГОЛЧУУД юу АЛДАВ???

  М.Ариунжаргал 2018-04-16 4413

Энэ сарын 10-ны өдөр 2007-2009 онд Монгол улсын 25 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 оны хооронд 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар баривчилсан. Тэдний хувьд чухам ямар зүйлийг буруу хийж хууль хяналтын байгууллагууд шалгаж цагдан хориод байгаа асуудлыг олон нийт сонирхож байна.

Асуулт-1. С.БАЯР ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООС ӨМНӨ ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ АНХНЫ ХУВИЛБАР ЯМАР БАЙВ... 2005-2006 он

1.  34 хувийг Монголын тал үнэгүй авна.

2.  68 хувийн гэнэтийн орлогын албан татвар тонн зэсийн баяжмал 4500 доллараас дээш зарагдах тутамд 68 хувийн татвар авахаар заасан.

3.  Зэс хайлуулах үйлдвэр 5 жилийн дотор барих.

4.  Монголын үндэсний компаниудад Оюутолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр дамжуулж олгох

Асуулт-2.  2009 ОНЫ 10-Р САРЫН 6-НЫ ӨДӨР ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН БАТАЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ЮУ ТУСГАСАН БЭ?

1.    Оюутолгойн ордыг 100 хувь гэж үзвэл Монгол улс 34 хувийг эзэмшихийн тулд хүүтэй зээлсэн. Өөрөөр хэлвэл Өмнийн говьд байгаа Оюутолгойн ордны 34 хувийг Рио -Тинтогоос хүүтэй худалдаж авч байгаа бөгөөд  2021 онд өрөө төлж дуусна. Тэгж байж ноогдол ашиг хүртэнэ гэх утга бүхий заалт орсон.

2.    68 хувийн гэнэтийн ашгийн татвар байхгүй.

3.    Монголын үндэсний компаниудад өгөх 10 хувийг өгөхгүй.

4.    Зэс хайлуулах үйлдвэр барихгүй байж болно хэмээн Оюутолгойн гэрээг баталсан.

5.    Монголын нутаг дэвсгэр дээр Монголын хуулиар ажиллаж байгаа Оюутолгой компани олсон орлогоо Монголд хадгалах, дамжуулах асуудал гэрээнд тусгагдаагүй.

Өмнийг говьд байрлалтай 400 тэрбум доллараар үнэлэгдэх Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшилдээ авахын тулд Монгол улс төлбөр төлж хүү тооцуулж байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг алдагдал ихтэй баталсан манай улс 2015 оны 5-р сарын 18-ны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг тухайн үеийн засгийн газрын тэргүүн  Ч.Сайханбилэгийн зөвшөөрөлтэйгөөр Дубай хотноо гарын үсэг зурсан юм.

Асуулт-3. Дубайн гэрээгээр МОНГОЛЧУУД юу АЛДАВ?

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу дубайн гэрээнд орсон анхаарал татах ноцтой гэгдэх заалтуудыг хүргэе.

1. Уг төлөвлөгөөний: 4.4 т 2010, 2011, 2012, 2013, 2014 оны Оюутолгойн санхүүгийн тайланг 5 хоногийн дотор Монгол улсын сангийн яам баталгаажуулах

2. Улмаар 1,2 тэрбум долларын санхүүгийн тайлангүй мөнгийг Монголын төр хүлээн зөвшөөрсөн

3. Оюутолгойн орд газрын лицензийг олон улсын банканд тавьж 4,4 тэрбум долларын өр тавих заалт гэрээнд орж баталгаажсан. Энэ мөнгө Монгол улсад биш Рио-Тинтод орсон

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний хамгийн ноцтой зүйл бол ноогдол ашгийг 2021 он биш 2037 он болгох нөхцөлийг бүрдүүлсэнд байгаа юм. Өөрөөр бол Монгол улс Оюутолгойн 34 хувийг хүүтэй зээлж авснаар энэ өрөө төлж дуусах буюу 2037 он хүртэл ноогдол ашиг хүртэх хэцүү. Харин эсрэгээрээ Оюутолгой компанийн зардлын хэмжээ буюу өр өсөх тусам бид 34 хувийг эзэмшдэг утгаараа өдрөөс өдөрт өрөнд унаж байгааг эх сурвалжууд хэлж байна. Үүнээс гадна Дубайн гэрээгээр үгүйсгэсэн 1,2 тэрбум доллар буюу Монгол мөнгөөр 2 их наяд төгрөг хайчсан бэ?

Тэгэхээр Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээ Монголчуудад ашиг биш алдагдал асар их өр үлдээж байгааг эдгээр хүмүүс хэлж байна. Өмнийн говийн газрын хэвлийд байгаа Оюутолгойн ордыг 45 сая тонн зэсийн агууламжтай хэмээн шагшин ярьдагч алтны агууламж асар өндөр гэдгийг тэр бүр ярьдаггүй. Гацууртын ордны алтны нөөц 50 тонн хэмээн гаднын компаниуд булаалддаг бол Оюутолгой үүнээс хэдэн зуу дахин илүү буюу 1800 гаруй тонн алтны нөөцтэй. Дэлхийд энэ хэмжээний алтны нөөцтэй ганц улс байдаг нөөц нь шавхагдаж байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлж байсан юм. Үүнээс гадна хүдэр, мөнгө, молибден зэрэг 10 гаруй газрын ховор элементтэй Оюутолгой өнгөрсөн онд 283 тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн бол Оюутолгойгоос 3-4 дахин бага Эрдэнэт үйлдвэр 2017 онд 518 тэрбум төгрөг буюу Оюутолгойгоос нэг дахин их татварыг улсад төлсөн байдаг.  Үүнээс гадна 400 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа Оюутолгойн нийт борлуулалтын орлогын 6-8 хувь нь л Монгол улсад үлддэг. Өөрөөр бол таны хонийг 100 мянган төгрөгөөр зараад танд зургаан мянган төгрөг өгч байгаатай нэг ижил зүйл юм. 

Өнөөдрийн сэдэв: Дубайн гэрээгээр МОНГОЛЧУУД юу АЛДАВ??? сурвалжлагыг  “Цаг” хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө