Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Иран болон Европын гурвал цөмийн гэрээний асуудлаар хэлэлцжээ

  Б.Оюун 2018-05-17 1188

Иран улс болон Европын гурвалын гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо хуран цугларч, 2015 онд Иран болон Олон улсын энхийн зургаагийн хооронд байгуулж байсан Тегераны цөмийн асуудлаарх олон улсын гэрээний цаашдын хувь заяаны талаар хэлэлцжээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах гол үүрэг хүлээж байсан олон улсын гэрээнээс АНУ-ын тал нэг талт байдлаар гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээхээр шийдсэн нь гэрээнд нэгдэгч бусад улс орнуудыг олон улсын гэрээний цаашдын хувь заяаг яаралтай хэлэлцэж, байр сууриа цаг алдалгүй тодорхойлох зайлшгүй шаардлагын өмнө авчирсан юм. Ираны цөмийн асуудлаарх олон улсын гэрээнд Иранаас гадна олон улсын энхийн зургаа буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 улс орон, мөн Германы талууд нэгдэн байгуулж байжээ. Гэвч энэ сарын 9-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шийдвэр гаргаж, Иран улстай байгуулж байсан энхийн гэрээнээс татгалзаж, нэг талт байдлаар гэрээнээс гарч, Тегераны эсрэг хоригоо сэргээж байгаагаа мэдэгдсэн нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дахин сөхөн тавьж, гэрээнд нэгдэгч бусад улс орнуудыг байр сууриа эргэн харахад хүргэсэн юм.

Ираны цөмийн асуудлаарх гэрээнд нэгдэгч Орос болон Хятадын талууд Вашингтоны гаргасан шийдвэрийг эрс шүүмжлэн буруутгасан бол үлдсэн гурван улс орон болох Европын гурвал үүссэн нөхцөл байдалд дундыг баримтлагч болон үлдэж, нэг талаар Вашингтонтой байр сууриа нэгтгэж, нөгөө талаар олон улсын гэрээг авч үлдэх сонголтын дунд хоцорсон юм.

Тиймдээ ч Европын гурвал Ираны цөмийн асуудлаарх гэрээний дагуу цаашид баримтлах байр сууриа тодорхойлохоор Брюссельд хуран цуглаж, гадаад хэргийн сайд нарын түвшинд Ираны хамтрагчтайгаа хамтарсан яриа хэлэлцээр явуулжээ.

Тэгвэл Брюссельд болсон уулзалтын үеэр ЕХ болон Ираны талууд ойрын хугацаанд багтааж Тегераны цөмийн асуудлаарх цаашдын бодлогоо тодорхойлон, хамтын ажиллагааны чиг үүргээ тогтсон байна. Ирантай байгуулсан гэрээнээс АНУ нэг талт байдлаар гарсан нь Ойрхи Дорнод болоод Персийн булангийн бүс нутаг дахь цөмийн потенциал бүхий томоохон улс орон болох Ирантай харилцах харилцааг эргэн харах зайлшгүй шаардлага бий болгосон...

Брюссельд Франц, Их Британи, Германы гадаад хэргийн сайд нар Ираны хамтрагчтайгаа нүүр тулан уулзаж, уулзалтын дүнд Ираны цөмийн асуудлаарх гэрээг цаашид үргэлжлүүлэн дагаж мөрдөх боломж бололцоог бүрдүүлэхээр тогтсоныг гол үр дүнгээ гэж тооцож байна.

Брюсселийн уулзалтыг ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан комиссар Федерика Могерини даргалан явуулжээ. Талууд уулзалтын үеэр АНУ, Ирантай байгуулсан гэрээнээс гарсныг үл харгалзан цаашид гэрээг үргэлжлүүлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр тогтсон байна.

Хатагтай Могерини Брюсселийн уулзалтын үр дүнгийн талаар мэдэгдэхдээ:

-Бид цаашид Ираны цөмийн асуудлаарх гэрээг өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлэн шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тусгах замаар үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрлээ... Хэдийгээр хууль эрхзүйн хүрээнд гэрээг шинэчлэх асуудлы хөндөөгүй ч Иран улстай байгуулсан олон улсын гэрээнд тусгагдсан эдийн засгийн хэлцэл тохиролцоог цаашид үргэлжлүүлэн дагаж мөрдөн, Ираны цөмийн гэрээг аварч үлдэх боломж нөхцлийг хэлэлцлээ гэдгийг тодотгожээ.

Брюсселийн уулзалтын дараа ИРаны гадаад хэргийн сайд Жавад Зариф мөн мэдэгдэл хийж, Тегеран болон Европын гурвал олон улсын гэрээг хүчин төгөлдөр хэвээр авч үлдэх боломж нөхцлийг цаашид бүрдүүлэн ажиллахаар улс төрийн хувьд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа гэдгийг онцолжээ. Жавад Зариф: -Бид Брюсселийн уулзалтаар байр сууриа илэрхийлэн, өмнөө тулгамдаад байгаа асуудлаар цаашид хэрхэн ажиллах талаар хэл амаа ололцож, ойлголцож чадлаа гэж үзэж байна. Хэдийгээр гэрээнд тодорхой нэмэлт зүйл заалт, өөрчлөлт оруулах шаардлагатай  байгаа ч бид энэ талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон...гээд Европын гурвалтай хийсэн уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

ИРАН-ЕВРОПЫН ГУРВАЛ

Иран улс болон Европын гурвал Брюсселийн уулзалтын үеэр цаашид эрчим хүч, зам тээвэр, санхүү эдийн засгийн салбарт харилцаагаа 2015 оны олон улсын гэрээнд тусгагдсан үндсэн зүйл заалтан дээр тулгуурлан үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.

Европын улс орнууд АНУ нэг талт байдлаар гэрээнээс татгалзсан шийдвэр гаргасныг үл харгалзан Иран улстай худалдааны харилцаагаа хэвээр хадгалах хүсэлтэй байна. Вашингтоны тал Иран улсын эсрэг худалдааны болоод эдийн засгийн хоригоо сэргээж, энэхүү хоригийг зөрчин Ираны талтай харилцаж, ажил хэрэг явуулж байгаа Европын компаниудыг “хар жагсаалт”-д оруулахаар сүрдүүлж байгаа хэдий ч энэ нь цаашлаад хэдэн тэрбумаар тоологдох эдийн засгийн үр ашиг учраас Европын орнууд энэ асуудал дээр АНУ-ын талаас хараат бус, бие даасан бодлого баримтлахыг илүүд үзэж байна.

Тиймдээ ч Ирантай байгуулсан гэрээ хэлцэл, эдийн засгийн харилцаагаа хэвээр үлдээхийн тулд олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарахаар шийдвэрлэсэн Вашингтоны байр суурийг аялдан дагалдах биш харин өөрсдийн эрх ашигт нийцсэн зоригтой шийдвэр гаргахыг илүүд үзэж байна. Вашингтон олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарч байгаа нь угтаа бол олон улсын хууль журам, дүрэм журмыг зөрчсөн, хэт нэг талыг баримталсан хууль бус шийдвэр гэж тооцож байгаа юм. Тиймээс Вашингтоны шийдвэрийн эсрэг олон улсын байгууллагууд, тэр дундаа Дэлхийн Худалдааны байгууллагад гомдол мэдүүлэх эрхтэй гэж үзэж байна.

Finantial Times сонинд бичиж байгаагаар ЕХ, Америкийн хоригоос өөрийн эдийн засгийн гэрээ хэлцлийг хамгаалахын тулд Ирантай хийж байгаа нефтийн бүтээгдэхүүний арилжааг доллараар биш харин еврогоор явуулах хүрсэлтэй байна. Тегеран энэ байр суурийг нь дэмжиж, цаашлаад Иран улсын Европын орнуудтай байгуулсан гэрээ хэлцлийг хамгаалж үлдэх боломж гэж харж байгаагаа нуухгүй байна.

Хэрвээ үнэхээр худалдааны гэрээ хэлцлүүдийг доллараар биш еврогоор хийж эхэлбэл энэ нь Америкийн нөлөөнөөс нэг талаар ангижирч, Тегерантай байгуулсан “цөмийн гэрээг” аварч үлдэх боломж гэж харж байна. Эрчим хүчний салбарын цаашдын хамтын ажиллагааны асуудлыг Европын Эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Ариас Каньете Иранд удахгүй хийх айлчлалынхаа үеэр илүүтэй тогтож хэлэлцэхээр тохиролцжээ.

ЕХ, өмнө нь ч мөн Америкийн тавьсан эдийн засгийн хоригийг сөрөн зогсч байсан практик байдаг...Жишээлэхэд 90-ээд оны үед АНУ-ын засгийн газар Куба, Иран болон Ливийн эсрэг худалдааны хориг тавихад ЕХ энэхүү хоригт нэгдэхгүй, дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлж байсан юм.

Иран улсын хувьд ЕХ-ны орнуудтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, одоогийн түвшинг бууруулахгүй байх хүсэл сонирхол байгаа... Учир нь ЕХ-ны улс орнууд нь Ираны хувьд худалдааны 3 дахь томоохон түнш улс орнуудад багтдаг. Ираны худалдааны хамгийн томоохон түнш улс орон нь өнөөдрийн байдлаар Хятад болон Арабын Нэгдсэн Эмират байгаа юм. Тэгвэл ЕХ-ны улс орнууд нь Ираны хувьд худалдааны 3-дагч томоохон улс орнууд болоод байна. Тиймээс Ираны тал ч мөн адил “цөмийн асуудлаарх олон улсын гэрээг” цаашид энэ хэвээр дагаж мөрдөн, улс орныхоо эдийн засгийн харилцааг хадгалж, 2015 онд байгуулсан гэрээний дагуу дэлхийн улс орнууд Ираны эсрэг тавиад байсан эдийн засгийн хоригоо ээлж дараалан цуцалж байсан тохиролцоог хэвээр хадгалан үлдэх хүсэл сонирхолтой байгаагаа Брюсселийн уулзалтын үеэр илэрхийлж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө