Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СӨҮЛ: УМАРД СОЛОНГОС УЛС ЦӨМИЙН, ПУУЖИНГИЙН БОЛОВСРУУЛАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

  М.Даваадулам 2018-11-14 519

Умард Солонгос улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, цөмийн болон пуужингийн зэвсгийн боловсруулалтаа үргэлжлүүлж байна. БНСУ-ын Үндэсний тагнуулын алба ийм мэдээлэл дэлгэлээ. Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлагийн уламжилснаар, өнөөдөр БНСУ-ын Парламентын хаалттай хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр тус тайлан мэдээг Үндэсний тагнуулын алба хууль тогтоогчдод танилцуулжээ.

 “Цөмийн болон пуужин үйлдвэрлэлийн салбарт БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа ч судалгаа үргэлжилж байна” гэж Өмнөд Солонгосын Парламентын гишүүний хэлсэн үгийг Yonhap иш татаж байна. Пхеньян цөмийн цэнэгт хошууны хэмжээг цаашид жижигрүүлэх тал дээр боловсруулалт хийж, ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Мөн Умард Солонгосын цөмийн, пуужингийн объектуудын идэвхжлийг Өмнөд Солонгосын тал сайтар ажиглаж байгаа, одоогоор ямар нэгэн онц ноцтой зүйл ажиглагдаагүй гэж Өмнөд Солонгосын хууль тогтоогч хэлжээ. Сөүл болон Вашингтон мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн салбарт явуулж байгаа үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээлэл харилцан солилцож байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трам, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт энэ оны 6-р сарын 12-нд уулзсан. Хоёр хоногийн уулзалтын дүнд хамтарсан тунхаг баталсан. Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн бол Вашингтоны зүгээс аюулгүй байдлын баталгаагаар хариу барихаар болсон. Гэхдээ тус тунхагт ямар нэгэн хугацаа заагаагүй. Дараа дараагийн уулзалтаар нарийн төлөвлөгөө батлахаар тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоогоос 7 хоногийн өмнө Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Ким Жон Ун удирдагчтай хийх хоёр дахь удаагийн уулзалт ирэх оны эхээр болно гэдгийг мэдэгдсэн юм.

The New York Times: Сөүл Умард Солонгосын пуужингийн бааз дээр идэвхжил ажиглаагүй

Умард Солонгосын пуужингийн бааз дээр идэвхжил ажиглагдаагүй талаар БНСУ-ын Тагнуулын албаны мэдээлэл дээр тулгуурлан Америкийн The New York Times мэдээллээ. Америкийн тус хэвлэл урьд өмнө хэний ч ажиглагдаж, мэдээгүй байсан нийт 16 пуужингийн бааз Умард Солонгост бий гэсэн мэдээллийг анх олонд түгээсэн. Тэгвэл эдгээр баазад одоогоор идэвхжил ажиглагдаагүй гэдгийг Өмнөд Солонгосын Yonhap агентлаг ч мэдээллээ.

Америкийн The New York Times даваа гарагийн дугаартаа БНАСАУ-д пуужингийн 16 бааз бий гэж мэдээлсэн. Эдгээрийг Америкийн шинжээчид сансраас авсан фото зургууд дээр үндэслэн илрүүлсэн бөгөөд урьд өмнө нь эдгээрийн тухай мэдээлэл байхгүй байсан гэдгийг онцолсон.

Тус сонин Америкийн Вашингтон хот дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэдээлэл дээр тулгуурласнаа бичсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-тай “ашиггүй” гэрээ байгуулахвий гэж Америкийн шинжээчид болгоомжилж байгааг ч The New York Times онцолсон. БНАСАУ цөмийн туршилтын нэг л полигоноо буулгаж, дахин хэд хэдэн объектыг буулгасны хариуд энхийн хэлэлцээр байгуулах нь осолтой, ашиггүй явдал гэж болгоомжилж байгаа гэнэ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг худал, ташаа болохыг мэдэгдлээ. “The New York Times сонинд гарсан Умард Солонгосын улс өөрийн пуужингийн баазаа хөгжүүлж байна гэсэн нийтлэл ташаа юм. Бид эдгээр объектын талаарх бүх л мэдээллийг авсан, аливаа шинэ, сонин содон зүйл болоогүй. Энэ бол дахин нэг худал мэдээлэл цацагдаж байгаа явдал. Хэрэв нөхцөл байдал дордвол би та бүхэнд хамгийн эхэнд мэдэгдэх болно” гэж Цагаан ордны тэргүүн жиргэжээ.

Шинжээчид: БНАСАУ-ын пуужингийн нууц баазын тухай мэдээлэл бодит үнэнд нийцэхгүй

Умард Солонгос улс пуужингийн нууц бааз байгуулсан гэх мэдээлэл бодит үнэнд нийцэхгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчөөс гадна шинжээчид ч баталж байна. The New York Times сонины дэлгэсэн баазуудын тухайд олон жилийн туршид л олонд нээлттэй байсан гэж Умард Солонгосын талаарх судалгаа, мэдээлэл хүргэдэг Америкийн “38 North” вэбсайт мэдээллээ.

 Тус вэбсайтын хувьд Вашингтонд төвтэй Жон Хопкинскийн их сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНАСАУ-ын тухай мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг.

“38 North” вэбсайтын шинжээчид The New York Times сонинд гарсан нийтлэлийг судалсны эцэст, тус нийтлэл ташаа болохыг хэд хэдэн баримт нотолгоогоор баталлаа.

Нэгдүгээрт, тус сонины нийтлэл Жозеф Бермудес шинжээчдийн бүтээл дээр ерөнхийдөө үндэслэсэн байна. Тус шинжээчийн хувьд эдгээр 16 баазын 13-ыг нь судалж байсан. Харин Америкийн эрх баригчид тэдгээр 16 баазын талаар аль эртнээс мэдэж байсан гэлээ.

Хоёрдугаарт, эдгээр баазад байрлаж байгаа дурын пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэж Америкийн сонинд нийтэлжээ. Харин Жозеф Бермудес тухайн пуужин тус бүр цөмийн цэнэгт хошуугаар тоноглогдсон байх магадлал тун бага гэж үзэж байсан юм. Шинжээчид мөн тэдгээр 16 баазын аль нэгт Япон улсад хүрэх чадалтай дунд зайны тусгалтай пуужин бий гэж таамаглаж байна. Гэхдээ Жозеф Бермудес өөрийн тайландаа “Сакканмол” полигонд ийм төрлийн пуужин байхгүй гэж бичжээ.

Энэ бүхэн Трамп Ерөнхийлөгчийн дипломат гарц хайх бодлогыг ганхуулах гэсэн булчимгүй алхам гэж “38 North” хүрэлээнгийн шинжээч Леон Сигал тэмдэглэлээ.

Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Сөүл Вашингтонтой хамтарна

Умард Солонгос улсыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Сөүл Вашингтонтой хамтрахаар төлөвлөж байна. Хоёр улс ажлын хэсэг байгуулах нь ээ. Ажлын хэсэг байгуулах асуудлыг БНСУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч Ли Ду Хун Вашингтон хотноо өөрийн хамтрагч Стивен Бигантай хэлэлцэх тухай Yonhap мэдээллээ. Өмнөд Солонгосын агентлаг Сөүл дэх дипломат эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлажээ.

БНСУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч ирэх долоо хоногт Вашингтоныг зорих гэнэ. Хэрэв тус уулзалт болвол, хоёр улсын төлөөлөгчид АНУ болон БНАСАУ хоорондын дээд түвшний уулзалт, хэлэлцээрийг сэргээх асуудлыг ч хөндөж магадгүй гэж БНСУ-ын дипломат эх сурвалж мэдээлжээ.

Пхеньяны эсрэг хоригийг хэсэгчлэн цуцлах асуудлаар Сөүл болон Вашингтон байр суурь зөрсөн. Энэ цаг үед Ли Ду Хун Вашингтонд ажиллах мэдээлэл цацагдсаныг Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг онцолж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Нью-Йорк хотноо БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын асуудал эрхэлсэн дарга Ким Ён Чолийг хүлээн авч уулзах байсан. Гэвч энэ уулзалт хойшилсон. Талуудын ажлын шахуу хуваариас үүдсэн гэж Америкийн тал, бүр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тайлбар хийсэн. Харин олон улсын хэвлэлүүд Пхеньян татгалзсан. БНСУ болон АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхлүүлсэн нь Пхеньяны уулзалтыг цуцлах шалтгаан болсон гэж таамаг дэвшүүлсэн юм.

Майк Помпео, Ким Ён Чоль нар нь энэ оны 5-р сард Нью-Йорк хотноо уулзаж, дараа сард нь болсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл асуудлыг хэлэлцсэн. Ким Ён Чоль мөн тухайн үед Вашингтонд очиж, Ерөнхийлөгч Трамптай уулзаж, удирдагч Ким Жон Уны захидлыг дамжуулсан. Одоогоор Вашингтон болон Пхеньян дараагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө