Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Кенийн багш Питер Табичи дэлхийн шилдэг багшаар шалгарлаа

  Б.Оюун 2019-03-25 1969

Кенийн жирийн нэгэн тосгоны багш, өөрийн цалин хөлсөө ихэнхдээ сурагчиддаа зориулж, тэдэндээ боловсрол мэдлэг олгохын төлөө сурсан бүхнээ харамгүй зориулдаг багш Питер Табичи 2019 оны “Дэлхийн шилдэг багш”-аар шалгарчээ.

Жил бүр Varkey Foundation сангаас эрхлэн Global Teacher Prize шагналыг дэлхийн хамгийн шилдэг сурган хүмүүжүүлэгч, шилдэг багшийг шалгаруулан олгодог юм. Дэлхийн хамгийн шилдэг багшийг сангийн дэргэдэх 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шалгаруулан нэрлэдэг байна.

Тэгвэл 2019 оны шилдэг багшаар шалгарсан Питер Табичи нь байгалийн шинжлэх ухааны багш, Францискануудын одонгийн шашны байгууллагын гишүүн юм. Тэрээр Кенийн нэгэн ядуу тосгоны сургуульд ажиллаж, өөрийн сарын цалингийнхаа бараг 80%-ийг ядуу, амьдралын боломжгүй сурагчиддаа ном сурах бичиг, дүрэмт хувцас авч өгөхөд зориулдаг байна. Ийм сурагчдын дийлэнх нь эцэг эхээ алдсан, асран халамжлах хүнгүй байдаг юм. Тэгвэл Питер багшийн ажилладаг Пвани тосгоны оршин суугчдын дийлэнх нь хүнд хэцүү, ядуу зүдүү амьдралтай байдгаас гадна тосгоны сургуульд ч сурах бичиг, хэрэгцээний зүйл хангалтгүй байдаг байна. Пвани тосгоны сургуульд нэг ангид бараг 70-80 хүүхэд сурдаг, тэдний ихэнх нь өглөө бүр хичээл сургуульдаа явах гэж 6, түүнээс дээш км газар явган явж ирдэг байна.
Тэгвэл Пвани сургуулийн багш Питер:- Хүний амьдралд мөнгө чухал биш. Би хүүхдүүддээ хайр, сайхан сэтгэл, хүнлэг зан чанарыг суулгаж, биднийг хүрээлэн байгаа орчноо хайрлаж, байгалийн шинжлэх ухааныг ойлгон мэдэж авч, боловсролтой иргэд болоосой гэж хүсдэг гэжээ.
Табичи хичээл сургуулиас ар гэрийн шалтгаанаар хоцрогдож байгаа хүүхдүүдээ гэрт нь очин эргэж тойрон, насанд хүрээгүй охидоо нөхөрт гаргах гэж байгаа эцэг эхчүүдийг ятгаж, тэдний хүүхэд насыг булаалгүйгээр сургууль соёлоо төгсөх боломж өгөхийг хүсч ажилладаг байна. Питер Табичигийн сурагчид үндэсний болоод олон улсын уралдаан тэмцээнүүдээс шагнал авч, Британийн химийн шинжлэх ухааны нийгэмлэгийн шагнал ч мөн хүртэж байжээ.
Global Teacher Prize нэр хүнд бүхий шагналыг жил бүр Varkey Foundation сангаас эрхлэн олгодог. Энэтхэгийн нэртэй бизнесмэн Санни Варки-гийн үүсгэн байгуулсан энэхүү сан дээрх шагналыг багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөх, мөн мэргэжилдээ үнэнч зүтгэж байгаа багш нарыг алдаршуулах зорилгоор олгож эхэлжээ. Энэ жилийн шилдэг багшийг дэлхийн 179 улс орноос ирүүлсэн 10 мянга гаруй багш нарын материалаас 150 хүний бүрэлдэхүүнтэй баг шүүн шалгаруулсан юм. Дэлхийн шилдэг багшийн шагналыг 1 сая долларын мөнгөн шагнал дагалддаг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө