Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын Алабама муж үр хөндөлтийг бүрмөсөн хориглож магадгүй

  М.Даваадулам 2019-05-15 291

АНУ-ын Алабама муж үр хөндөлтийг бүрмөсөн хориглож магадгүй нь. Хүчирхийллийн золиос болсны улмаас жирэмсэлсэн, эсхүл ойрын төрөл төрөгсөд хоорондоос жирэмсэлсэн буюу цус холилдох эрсдлийн тохиолдолд ч үр хөндүүлэхийг тус муж хориглох хуулийн төсөл дэмжигдлээ. Зөвхөн эхийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй тохиолдолд л зөвшөөрсөн хуулийн төслийг тус муж улсын хууль тогтоох байгууллага дэмжин баталлаа. Одоо мужийн захирагч эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Хууль бусаар үр хөндөлт хийсэн эмчид 99 хүртэлх жилийн хорих ял оноохоор ч хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг Алабама муж улсын Сенатын танхимын 25 гишүүн дэмжиж, 6 гишүүн эсрэг санал өгчээ. Одоо мужийн захирагч Кэй Айви хуулийн төслийг үзэглэх эсэхээс бүх зүйл шалтгаална. Хатагтай Кэй Айви тус хуулийн төслийг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр үр хөндөлтийг идэвхтэй эсэргүүцэгч гэдгээрээ олонд танигджээ.

Хуулийн төслийг эсэргүүцэгчид муж улсын Сенатын танхимын шийдвэрийг давж заалдах боломжтой гэж үзэж байна. Учир нь АНУ-ын Дээд шүүх 1973 онд тус улсын нутаг дэвсгэр дээр үр хөндөлтийг зөвшөөрсөн тогтоол шийдвэр гаргаж байжээ.

Америкийн Үндэсний эмэгтэйчүүдийн байгууллага тус хуулийн төслийг АНУ-ын Үндэсний хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд ирэх сонгуульд ард иргэдийн санал дэмжлэг авах гэсэн улс төрийн алхам гэж харж байгаагаа илэрхийллээ.

“Гэр бүл төлөвлөлт” байгууллагын тэргүүн Стэйси Фокс өнөөдрийн өдрийг “Алабама мужийн төдийгүй Америк даяарх эмэгтэйчүүдийн хувьд түүхэн хар өдөр” гэж тодорхойллоо.

Хуулийн төслийг санаачлагчид “эхийн хэвлийд бойжиж буй ураг бол бидний адил л амьдрах эрхтэй хүн” гэж өөрсдийн байр суурийг хамгаалж байна. Мөн эмч нарыг өөгшүүлж, хууль бус бизнесийг цэцэглүүлэн дэмжиж байгаа учир ийнхүү үр хөндөлтийг бүрмөсөн зогсоох шаардлагатай гэж ч тайлбар хийлээ.

Хуулийн төсөлд зааснаар үр хөндөлт нь Алабама муж улсын нутаг дэвсгэр дээр “А” зэрэглэлийн эрүүгийн хэрэгт тооцох юм байна. Жирэмслэлтийг таслан зогсоохыг завдсан хэргийн төлөө 10 жилийн хорих ял, харин үр хөндөлт гүйцэтгэсэн тохиолдолд 99 жилийн хорих ял оноохоор заажээ. Мөн үр хөндүүлсэн эмэгтэйг ч эрүүгийн хариуцлагад татах юм байна.

Хэрэв хуулийн төслийг Алабама муж улсын захирагч хатагтай Кэй Айви үзэглэвэл АНУ-ын нутаг дэвсгэр дээр хүчинтэй үйлчилж буй үр хөндөлтийн талаарх 300 гаруй хууль журмын тоо нэгээр нэмэгдэнэ. Бүгд Найрамдахчуудын хяналтаа тогтоосон муж улсуудад үр хөндөлтийг эсэргүүцсэн давалгаа дэгдсэн. Энэ давалгааны улмаас Алабама муж холбогдох хууль санаачлан, хэлэлцүүлжээ. АНУ-ын 50 мужийн 16 нь 2019 он гарсаар үр хөндөлтийг хязгаарлах тухай хууль баталжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө