Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Саудын Арабын хунтайж өөрийн нийт хөрөнгө болох $32 тэрбумыг буяны үйлсэд хандивлажээ

  М.Даваадулам 2017-05-05 7407

Саудын Арабын хунтайж аль-Валид бин Талал бин Абдулазиз аль-Сауд 2015 онд өөрийн нийт хөрөнгөө буюу 32 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивлахаар шийдвэрлэжээ. Ингэснээр хэдэн жилийн хугацаанд шат дараатай буяны үйлсэд хөрөнгө оруулах юм. Хөрөнгийг түүний удирдлага доорх зөвлөл хуваарилах нь ээ.

Twitter хуудсандаа хунтайж “өөрт нь маш их зүйл оногдсон учир энэ их буян хишгийг бусадтай хуваалцах нь зүйн хэрэг” гэж жиргэж, шийдвэрээ тайлбарласан байна.

Аль-Валид бин Талал хунтайж дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс өөрт нь урам зориг хайрласан гэж ярьдаг. Хунтайжийн санаачилгыг Microsoft компани болон Gates Foundation буяны санг үндэслэгч Билл Гейтс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хунтайжийн хөрөнгө мөнгө байгалийн онц үзэгдэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэхэд, сургууль цэцэрлэг барихад, янз бүрийн хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээний зардалд, алслагдсан бүс нутаг дахь иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулагдах юм.

            “Энэ бол хүн төрөлхтний өмнө хүлээсэн миний үүрэг”

                                    Аль-Валид бин Талал бин Абдулазиз аль-Сауд, Саудын Арабын хунтайж

62 настай Аль-Валид хунтайж өмнө нь ч буяны үйлс эрхэлж байсан. 2015 онд Гүрж улсад айлчлахдаа үерийн гамшгийн учруулсан хохирлыг нүдээр харж, байгалийн онц үзэгдэлд өртсөн бүс нутгийн иргэдэд 300 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Энэ бол хунтайжийн халуун дулаан сэтгэлийн өчүүхэн хэсэг.

Хунтайжийн гэр бүл, тэр дундаа түүний хоёр хүүхэд буяны үйлсэд бүх хөрөнгөө хандивлах шийдвэрийг ойлгон хүлээн авч, бүх талаар дэмждэг байна.

Саудын Арабын хунтайж аль-Валид бин Талал бин Абдулазиз аль-Сауд нь одоогийн хаан Салманы авга дүү, бизнес эрхлэгч, олон улсын хөрөнгө оруулагч. Өөрийн хөрөнгийг олон улсын төсөлд хөрөнгө оруулах болон хувьцаа худалдан авах зарчмаар босгожээ. 2017 оны 3-р сарын 31-ний өдрийн байдлаар түүний хөрөнгийг 19.1 тэрбум ам.доллар гэж үнэлж байна. Time сэтгүүл түүнийг “Арабын Уоррен Баффетт” гэж нэрлэжээ.

Амьдралын хэв маяг

Хунтайж нь хувьдаа Airbus A380 Super Jumbo нисэх онгоц захиалсан дэлхийн анхны хүн. 488 сая ам.долларын гэрээ хийжээ. Хувийн захиалгат онгоцонд Турк маягаар тохижуулсан, цагаан гантиган банны өрөө, 10 хүний суудалтай концертын танхим, “роллс-ройс” автомашинд зориулсан гараж бий.

Мөн үргэлжид ариун Мекка хотын зүг харж байдаг мөргөлийн “цахим” хивсэнцэртэй хэд хэдэн өрөө бий. Нисэх онгоцон доогуур өнгөрөх газар нутаг харагдах шилэн шалтай ч өрөөтэй юм байна.

Бизнес

Аль-Валид 1979 онд Menlo коллежийг төгсөөд бизнесийн карьераа эхлүүлжээ. Тэрээр анхлан 300 мянган ам.долларын зээл авч, Саудын Арабт бизнес, худалдаа арилжаа эрхлэх сонирхолтой гадны компаниудтай холбогдож, хамтран ажиллах болсон байна.

Хөрөнгө оруулалтаас хунтайж их хэмжээний ашиг олж, 1990-ээд онд Citicorp компанийн хувьцааны дийлэнхийг худалдан авчээ. Тухайн үед Citicorp санхүүгийн хүнд байдалд байсан юм. 550 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалтаар Citibank-ийг дампуурлаас аварч, хожим хөрөнгийнх нь тал хувийг Citibank-ны ашиг бүрдүүлжээ.

Four Seasons Hotels-ийн хамтран эзэмшигч байхдаа Билл Гейтстэй ажиллаж, Microsoft компанид Саудын Арабт үйл ажиллагаагаа нэвтрүүлэхэд нь туслалцаа үзүүлжээ.

Мөн AOL, Apple Inc, Worldcom, Motorola, News Corporation Ltd болон хэвлэл мэдээллийн олон компанид томоохон хөрөнгө оруулалт хийжээ.

Эх сурвалж: arabian business, wikipedia

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан