Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

INTEL компани 1218 дрон ашиглан шоу зохион байгуулжээ

  Б.Оюун 2018-02-22 939

INTEL компани Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж байгаа Өвлийн 23 дахь цасан цагаан Олимпийн наадмын нээлтэд зориулан дрон-шоу зохион байгуулж, агаарт нэг дор 1218 ширхэг дрон нисгэж, өвөрмөц үзүүлбэр үзүүлсэн.

Олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр Shooting star нэртэй тусгай гэрлийн диод бүхий 1218 ширхэг дрон агаарт хөөргөж, тэдгээрийг ашиглан Олимпийн таван цагаригаас авхуулаад спортын уралдаан тэмцээний төрлүүдийг харуулж, өвөрмөц үзүүлбэр үзүүлснийг та санаж байгаа байх.

Дрон-шоу гэж нэрлэгдсэн энэ арга хэмжээг Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэж, нэг дор хамгийн олон дрон хөөргөж, үзүүлбэр үзүүлснийг нь бүртгэн авсан юм. Гиннесийн номонд энэ амжилтыг тэмдэглэхдээ “нисэгчгүй агаарын төхөөрөмжийг нэг дор хамгийн олныг хөөргөсөн” гэж бичжээ.

Өмнө нь нисдэг дронууд ашиглан нэг дор агаарт хамгийн олон дрон хөөргөж байсан дээд амжилтыг Германд 2016 онд болсон нэгэн шоу арга хэмжээний үеэр үзүүлж байжээ. Түүнчлэн 2016 онд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн тэмцээний үеэр, Супер Боулын тэмцээнийг нээж дуулсан Lady Gaga-ийн тоглолтын үеэр нэгэн зэрэг 300 дрон хөөргөж байжээ.

INTEL компани тэгвэл эдгээр бүх амжилтыг эвдэх зорилгоор Пёнчаний Олимпийн наадмын нээлтийн үеэр 1218 ширхэг дрон хөөргөж, тэдгээрийг тэнгэрт хоорондоо мөргөлдөлгүйгээр янз бүрийн хэлбэр дүрс үзүүлэх даалгаврыг нь програмчилсан байна. Улмаар дрон-шоу ихэд амжилттай болж, дронууд хоорондоо мөргөлдөж газарт унаагүй төдийгүй Олимпийн таван цагариг, сноубордын тамирчны дүрс зэргийг гурван хэмжээст дүрсээр амжилттай үзүүлсэн. Ингэхдээ дронуудыг нэгэн зэрэг ганцхан хүн ганцхан компьютераас өгөгдсөн даалгаврын дагуу тусгай программын тусламжтай ажиллуулсан юм. 

ПЁНЧАНИЙ ТЭНГЭРТ ДРОН-ШОУ ЗОХИОН БАЙГУУЛНА  

Тэгвэл Intel компани Пёнчаний Олимпийн нээлтийн арга хэмжээ төдийгүй мөн Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд нисдэг жолоочгүй төхөөрөмж буюу дроноо ашиглан мөн л олон төрлийн шоу-арга хэмжээ зохион байгуулсан юм.

Дроны гурван хэмжээст дүрс бүхий шоу арга хэмжээг Олимпийн наадмын тэмцээн уралдааны үеэр, мөн тамирчдад шагнал гардуулах ёслолын үеэр зохион байгуулж байжээ. Дрон шоуг хүмүүс ихэд сонирхон үзэж, тэнгэрт хөөрсөн нисдэг төхөөрөмж хэрхэн хоорондоо мөргөлдөлгүйгээр, нэгэн зэрэг хөдөлж, байрлалаа эзлэн, улмаар сольж дүрс үзүүлж байгааг гайхан харцгааж байжээ.

Тэгвэл Intel компани Пёнчаний Олимпийн наадмын хаалтын арга хэмжээний үеэр мөн л өвөрмөц шоу үзүүлэхээр бэлтгэж байна. Энэ сарын 25-нд буюу ирэх ням гарагт болох Пёнчаний 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмын хаалтын арга хэмжээн дээр Intel компани нисдэг дрон ашиглан ээлжит өвөрмөц шоугаа үзүүлж, Пёнчаний тэнгэрийг гэрэлтүүлэхээр бэлтгэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө