Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдлоо

  М.Даваадулам 2018-03-17 1846

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд дахин улс орноо тэргүүлэхээр боллоо. Түүний орлогчоор харин Хятадын Коммунист намын Тусгай албаны ёсзүйн хяналтын хорооны экс дарга Ван Цишань томилогджээ.

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн анхдугаар чуулган өнөөдөр өглөөний хуралдаанаараа Ши Жиньпиныг БНХАУ-ын даргаар улираан сонголоо. Нууц санал хураалтын дүнд чуулганы 2,970 гишүүн санал нэгтэйгээр ноён Ши Жиньпиныг дэмжжээ. Ши Жиньпин 2013 оны 3-р сард 12 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар анх сонгогдсон юм.

Хятадын Үндсэн хуулинд зааснаар 45 нас хүрсэн, БНХАУ-ын иргэн улс орны тэргүүнээр сонгогдох эрхтэй. Хэд хоногийн өмнө Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийн дагуу аль нэг эрхэм БНХАУ-ын даргаар хэдэн ч удаа сонгогдох боломжтой болсон юм.

Ши Жиньпин түүнчлэн БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалд улиран сонгогджээ.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөл нь Хятадын Ардын чөлөөлөх армийг захиран, удирдах эрх бүхий байгууллага. Намын байгууллага болох Хятадын Коммунист намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн хамтаар зэвсэгт хүчнийг захиран, удирдах эрх үүрэг хүлээдэг.

Түүний орлогчоор харин Хятадын Коммунист намын Тусгай албаны ёсзүйн хяналтын хорооны экс дарга Ван Цишань сонгогдсон. Түүнийг 2,969 депутат дэмжиж, нэг гишүүн эсрэг санал өгсөн байна.

Улс орны хууль тогтоох дээд байгууллага Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны даргаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чжаньшуг сонгожээ.

Ши Жиньпин 1953 онд нийслэл Бээжин хотноо намын өндөр албан тушаалтны гэрт мэндэлсэн. 1974 онд Хятадын Коммунист залуучуудын эвсэлд нэгдэж, хошуу, тойрогт намын албан тушаал эрхлэх болжээ. 1999-2002 онуудад дорнод Фуцзянь мужийн захирагчаар ажиллаж, 2007 онд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр сонгогдсон. 2008 оны 3-р сард БНХАУ-ын дарга Ху Жиньтао-гийн орлогчоор сонгогджээ. Ши Жиньпин 2012 оны 11-р сард Хятадын Коммунист намын Төв хороо болон Цэргийн төв зөвлөлийг тэргүүлж, 2013 оны 3-р сард БНХАУ-ын даргаар сонгогдсон. 2017 оны 10-р сард Хятадын хөрсөнд тохируулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа түүний социализмын үзэл суртлыг намын дүрэмд нэмж оруулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө