Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдөр Олон улсын аз жаргалын өдөр

  М.Даваадулам 2018-03-19 2912

НҮБ 2012 онд №66/281 тоот тогтоол баталж, жил бүрийн 3-р сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр болгон зарлажээ. International Day of Happiness буюу Олон улсын аз жаргалын өдрийн зорилго нь хувь хүн бүрийн амьдралд аз жаргал хэрхэн чухал болохыг хүлээн зөвшөөрөх, манай гаригийн хүн бүхний хувьд аз жаргалд тэмүүлэх нь нийтлэг зүйл гэдгийг дэмжих зорилготой юм. Бутан улсын эрх баригчид хүн төрөлхтний гол зорилгын нэг бол яахын аргагүй аз жаргал гэж үздэг байна. Тиймээс дэлхийн улс орнуудыг иргэн бүрийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргахыг уриалан, Олон улсын аз жаргалын өдөртэй болох санаачилга гаргажээ.

НҮБ бүх гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмлэг, төрийн бус байгууллага, хувь хүмүүст хандан тус өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах байдлаар тэмдэглэхийг санал болгодог.

Мөн Олон улсын аз жаргалын өдрийг баталснаар НҮБ нь дэлхий дахинд хандан эдийн засгийн хөгжил нь тогтвортой, эрх тэгш, нийгмийн бүх л давхаргыг хамарсан байх ёстой гэдэгт анхаарал хандуулахыг зорьж буй. Хөгжлийн тус загварчлалыг хэрэгжүүлснээр улс орны эдийн засаг тогтвортой өсч, улмаар ядуурлын түвшин буурах болно.

Харин дэлхий нийтийн аз жаргалыг хангахын тулд нийгмийн болон экологийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан эдийн засгийн өсөлтийг хангах ёстой юм.

Олон улсын аз жаргалтай өдөртэй болох санаачилгыг уулархаг бүс нутагт байрлах, жижиг газар нутагтай Бутан улс гаргасан. Бутан улс дэлхий дээрх цорын ганц Аз жаргалын яамтай улс орон.

Дэлхийн улс орнуудыг Аз жаргалын үндэсний нийт коэффициентээр тодорхойлдог. Энэ хэмжүүрийн тогтолцоог Бутаны дөрөвдүгээр хаан санаачилж, улс орондоо хэрэгжүүлж байжээ. Харин дэлхийн бусад улс орон дахь ард иргэдийн аз жаргалыг хэмжихийн тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индексийг санаачилжээ.


Финлянд – дэлхийн хамгийн аз жаргалтай улс

НҮБ-ын Sustainable Development Solutions Network байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхийн аз жаргалын индекс тайлангаа танилцуулсан. 2018 оны тайланд дэлхийн 156 орныг оролцуулжээ.

Жагсаалтыг Финлянд улс тэргүүлж, өнгөрсөн оны аварга Норвеги улс удаалжээ. Араас нь Дани, Исланд, Швейцар улсууд жагссан байна. Ази тивээс Израиль улс 11 дүгээр байрт орж тэргүүлсэн бол араас нь Арабын Эмират (20), Катар улс (32), Саудын Араб (33) тус тус удаалжээ.

Монгол улс дэлхийн 156 орноос 94-рт жагслаа

Харин Монгол (94), Вьетнам (95), Индонез (96), Бутан (97), Балба (101), Лаос (110), Бангладеш (115), Шри Ланк (116), Камбож (120), Мьянмар (130) дарааллаар эрэмбэлэгдсэн байна.

Улс орнуудын иргэдийн аз жаргалтай байдлыг зургаан гол үзүүлэлтээр үнэлдэг. Эдгээр нь орлого, эрх чөлөө, итгэл үнэмшил, урт наслалт, нийгмийн дэмжлэг болон өглөгч байдал юм.

Энэ жилийн тайлангийн онцлог нь нийт 117 оронд амьдарч байгаа дүрвэгчдийн аз жаргалын үзүүлэлтийг судалж гаргасан юм. Эндээс харахад аз жаргалын түвшин өндөр оронд дүрвэсэн хүмүүсийн үзүүлэлт сайжирсан бол түвшин доогуур улсад дүрвэгсдийн үзүүлэлт буурсан үзүүлэлт гарсан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө