Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

М.Болдсайхан: Элсэлтийн шалгалтын дүнг өдөрт нь гаргадаг болъё гэвэл багадаа 100 ширхэг шалгагч машин хэрэгтэй

  admin 2018-03-20 500

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-наас эхэлж, ирэх сарын 6-ны өдөр дуусна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон энэ жил ямар онцлогтой байх талаар Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа. 

-ЕБС-ийг энэ жил хэчнээн хүүхэд төгсөх вэ? 
-42 мянга орчим сурагч төгсөнө. Тэдгээрээс тодорхой хувь нь гадаадад суралцах, ажиллахаар явна. Зарим нь шууд хөдөлмөрийн зах зээл рүү шилжинэ. Тэгэхээр өмнөх оны төгсөгчидтэй нийт 44 мянга орчим хүүхэд ЭЕШ-д орох тооцоотой байна. Өнгөрсөн жил 38 мянган хүүхэд ЕБС төгссөнөөс өмнөх оны төгсөгчдийг оролцуулаад 37 мянга гаруй хүүхэд шалгалтад орсон байдаг.

-Шалгуулагчдын хэдэн хувь нь элсэлтийн шалгалтдаа бүртгүүлээд байна вэ? 
-Өнөөдрийн байдлаар 35 хувь нь бүртгүүлээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэл хэвийн явагдаж байна гэсэн үг. Хөдөө орон нутгийн сургуулиуд хугацааг дөхүүлж байгаад нэгдсэн байдлаар бүртгүүлдэг. Одоо сар хүрэхгүй хугацаа үлдсэн учир бүртгэл эрчимжинэ. 

-Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил анхаарах зүйл юу байгаа вэ? 
-Энэ жилийн элсэлтийн шалгалтад хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, БҮТ Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвтэй хамтарч шалгуулагчдын хувийн мэдээллийг нягталж байна. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын санд байгаа хүүхдийн хувийн мэдээллүүд гарч ирнэ. Тэгэхээр шалгуулагчдын хувийн мэдээлэлд алдаа гарахгүй.

Элсэлтийн шалгалтад 44 мянга орчим хүүхэд орох тооцоотой байгаагаас 35 хувь нь бүртгүүлжээ.

Өмнөх жилүүдэд гаргадаг байсан түгээмэл алдаа нь бүртгүүлэхдээ шаардлага хангаагүй, буруу зураг оруулдаг. Тэгвэл энэ жилээс бүртгүүлэхдээ зургаа урьдчилан шалгах боломжийг бүрдүүлсэн. Мөн бүртгэлийн хураамждаа “Мобиком”-ын Кэнди оноог ашиглах боломжтой. Нэг кэнди нэг төгрөг. Шалгуулагчид төлбөрийн зарим хэсгийг болон төлбөрийг бүхэлд нь кэндигээр төлж болно. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж хуучнаараа 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг байна.


-Элсэлтийн шалгалтын дүнг өмнө нь 10-14 хоног хүлээдэг байсан. Энэ жилээс шалгалтын дүнг шуурхай засаж, өдөрт нь мэдээлнэ гэж дууллаа? 
-Тийм ээ. Бид нар өнгөрсөн хугацаанд шалгалтын материал засах онлайн технологийг нэлээд судалж үзсэн. 2017 оны намар үнэлгээний онол аргазүйн талаарх сургалтыг найман аймагт зохион байгууллаа. Энэ явцдаа тухайн аймгийн төвийн хүүхдүүдийн дунд урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулж, шалгалтын материалыг газар дээр нь засах үнэлгээний аргыг туршсан. Гуравдугаар сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Байгалийн ухааны нэгдсэн олимпиадыг БҮТ зохион байгуулж, шалгалтад орсон 184 хүүхдийн материалыг шууд засах буюу шилэн технологиор засахад 5 минут зарцуулсан. Тэгэхээр энэ бол цаашид нэвтрэх боломжтой технологи болох нь харагдсан.

-Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шилэн технологиор засах боломжтой гэсэн үг үү? 
-Бидний хувьд одоо энэ технологийг ЭЕШ-д хэрэгжүүлэхэд гарч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн даван туулах зэрэг чиглэлээр ажиллаж байна. Энэ технологийг хэрэгжүүлэхэд багагүй хүн хүч, хөрөнгө мөнгөний зардал гарна. Шилэн технологийг амжилттай нэвтрүүлье гэвэл 100 ширхэг шалгагч машин хэрэг болно. Тэдгээр машиныг ашиглах хүний нөөцийг бэлдэх хэрэгтэй. Шалгалтын түлхүүрийг хэрхэн нууцлах зэрэг асуудал байгаа. Гэвч тэр бүхнийг ЭЕШ-ын өмнө шийдэх боломжтой гэж үзэж байна. Одоогоор бид Азийн хөгжлийн банкинд төслөө танилцуулахаар өгөөд байна. Ц.Цогзолмаа сайд энэ технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих амлалт өгсөн. Тэгэхээр ирэх зургаадугаар сард болох ЭЕШ-аар алдаа засах шилэн технологийг нэвтрүүлнэ гэж бодож байна.

-Алдаа засах машиныг хаанаас, ямар өртгөөр авчрах вэ? 
-АНУ-д үйлдвэрлэсэн Scantron машиныг ашиглаж байна. Машин 40 сая төгрөгийн өртөгтэй гэж дуулсан. Энэ нь шалгалтын материалыг хөндлөнгийн хүний оролцоогүйгээр засахад зориулсан программ юм. БҮТ-өөс шаардлагатай санхүүжилт болон алдаа засах шилэн технологи нэвтрүүлэхтэй холбоотой бүхий л асуудлаа салбарын яамандаа танилцуулсан. Хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, алдаа засах машинаа авчихвал бид хүний нөөцөө сургаад ажиллуулах боломжтой. Нэг аймагт багадаа хоёр машин байх шаардлага гарна. 

Материал засаж байгаад нэг машин нь ажиллахаа больбол нөөц машиныг ашиглах хэрэг гарна. Алдаа засах шилэн технологийг амжилттай нэвтрүүлбэл Монголын их, дээд сургуулиудын консорциумтай хамтарч дараа жилээс ЭЕШ, их дээд сургуулийн элсэлт хоёрыг зэрэг явуулах боломж бүрдэх юм. Элсэлтийн шалгалтын дүнгээ сонссон хүүхэд, өөрийн дүн оноонд нийцсэн сургуулийг шууд сонгоно гэсэн үг юм. Ингэвэл хөдөө орон нутгийн хүүхдийн хувьд аймгийн төв рүү очих, буцах зардлаас эхлээд олон зүйл хэмнэгдэнэ. Боловсролын үйлчилгээнд итгэл иргэдийн итгэл сэргэнэ гэх мэт давуу тал ихтэй.

-Шалгуулагч хэдэн ч хичээлээр ЭЕШ өгөх боломжтой юу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр авдаг бөгөөд нэг шалгуулагч хэчнээн ч хичээлээр шалгалт өгч болно. Өнгөрсөн жилийн статистикийг харахад 797 хүүхэд ганц хичээл сонгож шалгалт өгсөн байна.

-Нэг хичээл сонгож шалгалт өгсөн хүүхдүүдийн амжилт нь ямар байв? 
-Зөвхөн нэг хичээлээр тодорхой зорилготойгоор бэлдэж байгаа учир дүн оноо нь өндөр гарсан. Мөн 17 хүүхэд 10 хичээлийг бүгдийг нь сонгож шалгалт өгсөн. Ийм шалгуулагчдын тухайд тухайлсан зорилгогүй, аль өндөр оноо авсан хичээлийнхээ дүнгээр мэргэжил, сургуулиа сонгох бодолтой гэсэн үг. Судалгаанаас харахад хүүхдүүд ихэвчлэн 4-5 хичээл сонгож, ЭЕШ өгдөг. Математик, нийгэм, англи хэл, монгол хэл, физикийн хичээлийг хамгийн олон хүүхэд сонгодог.

-Шалгалтын даалгаварт өөрчлөлт гарах уу? 
-Даалгаврын тоо болон агуулгад энэ жил төдийлэн өөрчлөлт гарахгүй.

Эх сурвалж: gogo.mn

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан