Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАШОГГИЙН ХЭРГЭЭР САУДЫН АРАБЫН ПРОКУРОР ТАВАН ХҮНД ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ТӨЛӨВЛӨВ

  М.Даваадулам 2018-11-16 521

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээр прокуророос таван хүнд ялын дээд хэмжээ төлөвлөлөө. Хүн амины хэргээр 21 хүнийг баривчилсан. Тэдгээрийн 11 хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, 5 хүнд ялын дээд хэмжээ, бусад этгээдүүдэд хорих ял төлөвлөөд байна.

Нэрт сэтгүүлчид их хэмжээний мансууруулах бодис тарилгаар хийснээр нас барсан гэсэн дүгнэлтийг Саудын Арабын вант улсын Ерөнхий прокурор Шальан аль-Шальан танилцууллаа. Турк улс Эр-Риядын мэдэгдлийг эергээр хүлээн авч байгаа ч, хангалттай биш байна гэж дүгнэлээ. Ингэснээр гэмт этгээдүүдийг Туркийн талд шилжүүлэхийг хүсээд, өнөөг хир Хашоггийн цогцос олдоогүй байгааг дахин санууллаа. Харин АНУ хэрэгт холбогдсон 17 хүний эсрэг хориг тогтоогоод байна. Бүс нутгийн Арабын Нэгдсэн Эмират болон Оман зэрэг улс оронд Саудын Арабын эрх баригчдын шийдвэрийг бол дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 Сэтгүүлчийн аминд хүрсэн хэргээр Саудын Арабын хааны зөвлөх Сауда бен Абдулла аль-Кахтаниг баривчилсан. Түүнийг эх орноо орхин гарахыг хоригложээ.

Чухам аль-Кахтани болон улсын Тагнуулын албаны даргын орлогч Ахмед Асири нарын тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, энэ хэргийг үйлдүүлсэн гэж Саудын Арабын Прокурорын байгууллага үзэж байна.

Тус багийг захирагч сэтгүүлчийг алах тушаал буулгасан гэж таамаглаж байна. Мөн ийм тушаал буулгаад зогсохгүй Хашогги Истанбул хот дахь Саудын Арабын консулын газрыг орхин гарсан гэсэн худал тайлан бүрдүүлсэн гэж ч үзэж байна.

“Хэргийн мөрдлөг шалгалтын явцад зодоон, ноцолдоон болж, хохирогчийг хүлж, дараа нь их хэмжээний мансууруулах бодис бүхий тарилга хийсэн нь үхэлд хүргэсэн. Хохирогчийн цогцсыг мөчилж, Консулын газрын барилгаас гаргасан” гэж Саудын Арабын Ерөнхий прокурорын алба дүгнэлт гаргажээ.

Хэрэг гарах үед гаднах хяналтын камерыг унтраасан байсан. Хохирогчийг амийг егүүтгэсний дараа Турк улсын газар нутагт байрлаж байсан хамсаатандаа шилжүүлсэн гэж Эр-Рияд тогтоогоод байна.

Хашоггийн цогцсыг өнөөг хир олоогүй байгааг Турк улс дахин сануулав

Хохирогчийн цогцсыг өнөөг хир олоогүй байгааг Анкара Эр-Риядад дахин санууллаа. Мөн хэргийн мөрдлөг шалгалт хангалтгүй байна гэж үзэж байна. Тиймээс хэрэг Турк улсад гарсан учир, мөрдлөгийг Турк улсад шилжүүлэхийг энэ улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу шаардаж байна. Мөн хэргийн үнэнийг тогтоохын тулд хэргийн мөрдлөгөд оролцох хүсэлтэй улс орон, олон улсын байгууллагын төлөөллүүдийг хамруулан олон улсын мөрдөн шалгах хэсэг байгуулах санаачилгыг ч Анкара гаргаад байна.

Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Эр-Риядад хандаж, хэрэгт холбогдсон этгээдүүд болон хохирогчийг хөнөөхөд ашигласан зэвсэг, төхөөрөмж зэрэг эд мөрийн баримтыг Анкарад шилжүүлэхийг шаардаж байна.

Мөн Турк улс анхлан энэ хэргийг олон улсын шүүхэд шилжүүлэх шаардлагагүй гэж байсан бол одоо олон улсын мөрдөн шалгах баг байгуулахыг уриалж байна.

Жамаль Хашогги сэтгүүлчийг “устгах” тушаалыг Саудын Арабын Засгийн газрын удирдлагын түвшинд буулгасан нь ойлгомжтой, харин хэргийг сайтар урьдчилан төлөвлөсөн байсан гэж Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган мэдэгдээд байна. Тэрээр мөн хэргийн мөрдлөг шалгалтад саад хийж байгаад Саудын Арабын Ерөнхий прокурорыг буруутгаж байна.

Турк улс хохирогчийн амьсгал хураахаас өмнөх үйл явдлын аудио бичлэгийг олж авсан гэдгээ зарласан. Энэ бичлэгийг АНУ, Франц, Канад, Герман болон Их Британийн тагнуулын албанд ч шилжүүлэн өгчээ.

Жамаль Хашогги амьсгал хураахаасаа өмнө “амьсгал минь боогдож байна... толгойд угласан уутаа аваач... би амьсгал боогддог, бачимддаг өвчтэй” гэж хэлснийг Туркийн Daily Sabah сонинд нийтлээд байгаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө