Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал багасжээ

  Д.Отгонсүрэн 2019-01-21 1986

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд өчигдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ-аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн байдлаар 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт тус эмнэлгийн болон ӨЭМТ-ийн хүний нөөцийг ашиглан 1-3 эмчийг 24 цагийн ээлжээр ажиллуулж буй бөгөөд тодорхой ур чадвар, ажиллах зөвшөөрөл бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэлт гэрээгээр ажиллуулж эхэлснээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүлээгдэл, чирэгдэлгүй болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165 ортой бөгөөд насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр хүүхдийн оронд шилжүүлж, нийт 230 орыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэгийг Ачтан эмнэлэг рүү шилжүүлжээ

Нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогддог Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчний тархалтын үед буюу 14 хоногийн өмнө нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 613 хүүхэд нэмэлтээр хэвтэж, орны ачаалал 80 шахам хувиар хэтэрсэн. Ялангуяа шинэ жилийн баярын дараа нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 165 орон дээр 285 хүүхэд хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 11-нд буюу ид оргил ачааллын үеэр тус эмнэлэгт 301 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, НЭМГ-аас тодорхой зохион байгуулалт хийж, эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй, зохих стандарт орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авсан. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлээд байна.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд, насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 78 орыг дэлгэж БЗД-ийн 5, ЧД-ийн 2 хорооны хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасагт коридорт хэвтэж байгаа нэг ч хүүхэд байхгүй байна. Эмч мэргэжилтнүүд 20 хоногийн турш 24 цаг хөл дээрээ зогсож ажиллалаа. Энэ бол эрүүл мэндийн салбарынханы ханиад томууны үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөв зохион байгуулалтын ажлын үр дүн юм.

Мөн удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарч сувилж байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан.

Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэнд орж байгаа улирлын томуугийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан юм.

Ташрамд дуулгахад, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хавсарсан суурь ѳвчтэй юмуу дархлаа султай байгаа нь томуугийн халдвар авч, хүндрэх эрсдлийг үүсгэж байна. Мѳн эцэг эхчүүдийн хараа хяналт сул, болгоомжгүй байдлаас болж хүндээр бэртэж гэмтсэн хүүхэд ч цѳѳнгүй ирж байгааг эмнэлгийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө