Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У. Хүрэлсүх: Түүхэн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлнэ

  М.Ариунжаргал 2019-04-22 878

Манай улсын хувьд өнгөрсөн онд хагас сая гаруй гадаад жуулчин хүлээн авсан нь анхны тохиолдол болсон байна. Ингэснээр дотоодын эдийн засагт 569 сая ам доллар буюу 1,5 их над төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин цаашид аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилтыг засгийн газраас тавьсан. Энэ хүрээнд их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхээр санхүүгийн асуудлуудыг шийджээ. 

Олон мянганы агуу түүхээс гадна байгалийн үзэсгэлэнт газар ихтэй манай улсад аялал жуулчлалын салбарт голлох салбарын нэг болж чадалгүй өдий хүрсэн. Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд засгийн газар анхаарч 2020 он гэхэд Монгол улсад ирэх гадны жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан байна.

Ингэснээр аялал жуулчлалын салбараас олох орлого нэг тэрбум ам долларт хүрнэ гэж тооцоолжээ. Энэ зорилтын хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөн Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт бүтээн байгуулалтуудыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид эрчимжүүлнэ гэдгээ засгийн газрын тэргүүн онцоллоо. 

Улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их монгол улс,Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо гэх түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг 19 сая ам доллараар эхлүүлэхээр болсон байна. Харин аливаа бүтээн байгуулалтын ажилд дэд бүтцийн асуудал чухал байдаг. Энэ чиглэлд дотоодын компаниудтай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

Эдгээр төслүүд нь Монгол улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна олон улсын аялал жуулчлалын салбарт манай улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Өнгөрсөн онд Хэнтий аймагт эхлүүлсэн хоёр томоохон бүтээн байгуулалт нь энэ оны сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө