Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүйтний улиралд ханиадыг хэрхэн эмчлэх талаар бид их эмч М.Оюунчимэгтэй ярилцлаа

  Б.Төгсбаяр 2016-12-22 3866

Хүйтний улиралд хүүхдийн ханиадыг хэрхэн зөв эмчлэх талаар Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Энэрэнгүй үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Оюунчимэгтэй ярилцлаа.

 

Сүүлийн үед нярай, бага насны хүүхдүүд ханиад хүрч, хүндрэх нь ихэслээ. Танайд хүүхдүүд хэр их ирж байна.

Хүүхдүүд нэлээд их ирж байгаа. Ханиад томуу бол намрын сүүлээс эхлээд л дэгддэг. Энэ ханиаднаас сэргийлэхийг хүсвэл зун цагаас эхлээд хүүхдийнхээ дархлааг сайжруулах хэрэгтэй байдаг. Дархлаа сайтай хүүхэд өвдсөн ч хөнгөн өвддөг. Хүүхдээ өвчилсөн тохиолдолд хүндрүүлэхгүй байх хэрэгтэй. Ер нь хүүхдээ зөв сайхан амрааж, зөв хооллож, зөв асарч, витаминжуулалтыг хийх нь зөв. Тэгээд эмчийн хэлсэн зөвлөгөөнүүдийг сайтар дагах нь зүйтэй.

Эм ууж, эмчилгээ хийлгэсэн ч ханиад нь эдгэрэхгүй удаан байна гэсэн яриа гадуур их байна. Энэ талаар?

Эмнэлэгт хэвтээд гарч байгаа хүүхдүүдийн хувьд бол хүнд, хурц үеийг цөөхөн хэдхэн хоногт эмчлээд л гаргаж байгаа. Гэртээ гарсны дараа эцэг эхийн асаргаа сувилгаа их чухал. Агаарт маш сайн гаргаж байх хэрэгтэй. Одоо гадаа агаарын бохирдол их байгаа болохоор бололцоогоороо хүүхдээ хотын гадна уулруу гаргаж болно. Хүүхдийг Д витаминыг өвөл зунгүй уулгах шаардлагатай. Манай орон чинь нарны тусгал багатай, ганц хүүхэд гэлтгүй бүх насныхан Д витаминаар дутмаг байдаг. Тийм болохоор бүгд уух нь зөв. Мөн хүүхдийн дэргэд тамхи татахгүй байхыг эмч бид байнга л зөвлөж байдаг. Дам тамхидалт гэдэг чинь маш их хортой. Аав, ээжүүдэд хэлэхээр би ариун цэврийн өрөөнд татчихдаг, тагтан дээрээ татдаг гэдэг энэ буруу. Үс болон арьсанд нь утаа шингээд орж ирж байгаа. Тэгээд хүүхдээ тэвэрдэг. Энэ нь дам тамхидалт болон хувирдаг юм. Хажууд нь татаж байгаагаас ялгаа байдаггүй. Ингээд хүүхдүүд амьсгалын замын өвчнөөс салахгүй байгааг эцэг эхчүүд сайн ойлгохгүй байгаа юм. Мөн хүүхдийн дархлааг эсийн төвшинд булаад байдаг нэг зүйл бол компьютер, гар утас, зурагт байдаг. Эдгээр зүйлс хэт их ойр байсан хүүхдүүдийн дархлаа нь суларч байдаг.

Эмнэлгүүдийн ачаалал ихсэж нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэж байна. энэ эмчилгээ хийлгэж байгаа хүүхдэд нөлөөлөх үү?

Нөлөөлнө. Нэг хүүхдэд амьсгалах талбай гэж байна. Агаарыг нь хуваагаад байхаар тэр хүүхдэд зөв эмчилгээ болж чадахгүй. Бидний хувьд бол хэвтэх шаардлагатай хүүхдээ хэвт гээд  явуулдаг. Гэтэл нэг орон дээр олон хүүхэд хэвтэж байна. Гэрээр эмчилгээ авмаар байна гээд ирэх тохиолдол гардаг. Бид гэрээр эмчилгээ бичиж өгөөд явуулдаг. Гэхдээ энэ асуудлыг төр засаг маань анхааралдаа авахгүй бол эмч бид чинь байгаа бололцоогоороо эмчлээд намдаагаад явуулахыг л боддог. Үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө санаа тавих цаг болсон гэдгийг тод  харуулж байна.

Гэрээр эмчилгээ авъя гээд хүмүүс их ирдэг гэж байна. Гэрээр эмчилгээ хийж байгаа хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүд юун дээр сайн анхаарах ёстой вэ?

Хүүхдээ сайтар асрахаас гадна өрхийн эмчтэйгээ байнга холбоотой байж идэвхтэй эргэлт гэдэг зүйлийг авах хэрэгтэй. Хариуцаж авсан эмчтэйгээ эргэх холбоотой байх нь чухал. Гэрээр эмчлүүлж байгаа хүүхдийг өрхийн эмч нар 2-3 хоноод үзэх ёстой. Хатгаа нь хүндэрсэн эсэх, эмчилгээ зөв явагдаж байгаа эсэхийг шалгаж байх үүрэгтэй хүмүүс чинь өрхийн эмч нар байдаг шүү дээ. Иргэд үүнийг мэддэггүй. Манай хорооны хувьд эмчийн хүрэлцээ бага ч цайныхаа цагаар эсвэл ажил тарсны дараа идэвхтэй эргэлтээр явдаг.

Эцэг эхчүүд эмийн санчаас асууж байгаад эм авчихдаг. Энэ оновчтой эмчилгээ болж чадах уу?

Энэ их том дутагдал. Дураараа баахан антибиотик өгөөд өнөөх нь эмийн харшил болоод ирэх тохиолдол цөөнгүй гардаг. Ажлын бус цагаар бол дүүрэг дүүрэгт хүүхдийн түргэн ажиллаж байгаа. Очих боломжгүй байгаа бол утсаар ч болов зөвлөгөө авч болдог.

Бага насны хүүхэд ханиад хүрээд хэдэн сараар эдгэрдэггүй. Өвөлжингөө ханиад салахгүй байх үе бий. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Хүнд биш ч өвлийн турш ханиах, хөлрөх, бага зэрэг халуурах, ханиаднаас салдаггүй хүүхэд байдаг. Цэцэрлэгт явдаг хүүхэд ихэвчлэн ийм ханиад хүрдэг. Эхний туссан ханиад нь эдгэж амжаагүй байхад давхар ханиад хүрснээр удаан хугацаанд үргэлжилдэг. Энэ тохиолдолд эмчид дахин үзүүлж эмчилгээгээ солих нь зөв. Хүүхэд удаан ханиалгаснаар уушги өвдөх, чих, хамар хоолой үрэвсэх нь хурдан байдаг учир эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн анхан шатны эмчилгээ үзүүлэх вэ?

Эцэг, эхчүүд хүүхдээ халуурахад зузаан хувцаслаж, хөлөргөдөг. Ингэснээр халуун буурахгүй. Харин бага зэрэг хувцсыг нь нимгэлээд, духан дээр нь нойтон алчуур тавих нь зөв. Хүүхдийн халуун 38.5 байхад дээрх аргыг хэрэглэж болно. Түүнээс их халуурсан үед нас болон жинд нь таарсан хэмжээгээр парацетамолыг уулгаарай. Нярай хүүхдэд шулуун гэдсээр нь лаа хийх нь илүү тохиромжтой байдаг юм.

Танд баярлалаа

Дүүргийн хүүхдийн түргэний утас

Баянзүрх дүүрэг                  70193654

Сүхбаатар дүүрэг              350793

Сонгино хайрхан дүүрэг    685065

Баянгол дүүрэг                  362539

Хан уул дүүрэг                   341003

Чингэлтэй дүүрэг               70110716

Бага хангай дүүрэг              222103

Багануур, Налайх дүүрэг    103

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан