Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зимбабвед төрийн эргэлт хийхээс сэргийлж улсын телевизийг хяналтандаа авчээ

  Б.Оюун 2017-11-15 297

Зимбабвегийн нийслэл Хараре хотод төрийн эргэлт хийхийг санаархаж байгаа дуулиан шуугианы сургаар энэ улсын цэргийнхэн Зе-би-си улсын телевизийн төв штабыг хяналтандаа авжээ. Түүнчлэн зарим эх сурвалжууд Хараре хотод буун дуу сонсдож эхэлсэн талаар мэдээлсэн ч одоогоор батлагдаагүй байна. Энэ бүх дуулиан шуугианаас өмнө ӨАБНУ-д суугаа Зимбабве улсын элчин сайд улс оронд нь төрийн эргэлт хийгдэж байгаа тухай мэдээллийг ор үндэсгүй мэдээлэл гэж мэдэгдсэн юм.

 Зимбабвегийн эрх баригч нам улсынхаа армийн ерөнхий командлагч, генерал Константино Чивенгийг “улс орноосоо урван тэрсэлсэнд” буруутгаж, цэрэг армийнхан төрийн хэрэгт, улс төрд оролцож байгааг шүүмжилсэн юм. Чивенга улсынх нь төрийн тэргүүн Роберт Мугабе дэд ерөнхийлөгчөө албан тушаалаас нь чөлөөлсний дараа төрийн эрх баригчдын эсрэг үзэл бодлоо илэрхийлжээ. Генерал Чивенга ерөнхийлөгч Мугабе хууль бусаар улс төрийн халаа сэлгээ хийсээр байвал улс төрд цэргийнхэн оролцож болзошгүйг анхааруулсан юм. Тэгвэл энэ хооронд нийслэл Хараре хотын захад хуягт техникүүд үзэгдэж, ямар зорилгоор гудамж талбайд гарч ирсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Зимбабвегийн төрийн Зед-би-си телевиз цэргийнхэний үйлдлийг буруутган мэдээлсний дараа армийнхан телевизийн төв штаб руу нэвтэрсэн байна. Ингэхдээ телевизийн ажилтнуудыг санаа зовинох зүйлгүй, цэргүүд тэднийг хамгаалах зорилгоор төв штабт нэвтэрсэн гэж тайлбарлажээ. Америкийн төрийн департамент Зимбабвегийн сөргөлдөгч талуудад хандан улс орондоо тайван байдлаа хадгалж, нөхцөл байдлыг эв зүйгээр шийдэхэд уриалсан байна. Зимбабвегийн ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабе одоогоор улс орондоо үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Мугабе өнгөрсөн долоо хоногт улсынхаа дэд ерөнхийлөгч Эммерсон Мнан-гагваг албан тушаалаас нь буулгасан юм. Дэд ерөнхийлөгчийг Зимбабвегийн дараагийн ерөнхийлөгч гэж тооцож байсан ч түүнийг албан тушаалаас нь халснаар нөхцөл байдал өөрчлөгдөж, Мугабегийн эхнэр Грейс нөхрөө залгамжилж болзошгүй байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан