Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Эрүүл мэнд, нөхөн үржихүй, инноваци” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

  Б.Отгон 2017-12-06 434

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэнд, нөхөн үржихүй, инноваци” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн М.Билэгт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, ялангуяа тухайн салбарт нөхөн үржихүйн чиглэлээр хийгдэж байгаа инноваци, технологи дамжуулалттай холбоотой тулгамдаж буй асуудлуудад гарц, шийдэл олох зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг байгуулж байгаа бөгөөд цаашид эрүүл мэндийн салбарын олон чиглэлүүдээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Манай оронд инновацийн үйл ажиллагааг улсын төсвөөс тусгайлан дэмжих санхүүжилт байхгүй тул тус салбарын үйл ажиллагааг өнөөгийн байдлаар Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд Анагаахын шинжлэх ухааны салбарт тус сангаас 2017 онд инновацийн 8, захиалгат 9, суурь судалгааны 7, хамтарсан 5 төсөлд санхүүжилт олгосон байна.

Эрүүл мэндийн салбарын инновацийн үйл ажиллагааг төрөөс онцгойлон дэмжих, санхүүжилтийн зөв механизмыг бий болгох, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, эм бэлдмэл, вакцин, оношлуур зэргийг эмчилгээ, үйлчилгээнд ашиглах, зах зээлд гаргах, сурталчлах иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байгааг энд онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Ялангуяа анагаахын шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж байгаа манай эрдэмтэн судлаачдын төслүүд нь бусад салбартай харьцуулахад судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд урт хугацаа шаарддагтай уялдуулан тасралтгүй урт хугацааны санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд анхааран ажиллах болно. Та бүхэн энэхүү хэлэлцүүлгээр үнэтэй санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлсэн юм.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбар дахь шинжлэх ухаан, инновацид зориулж буй санхүүжилт маш бага байна. Жишээлбэл, Австри Улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3,4 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг судалгаа, шинжилгээ, инновацид зориулж байна. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ердөө 0,11 хувьтай тэнцэх санхүүжилтийг шинжлэх ухаан, техник технологи, судалгаа, шинжилгээнд зориулж байна” гээд энэ чиглэлийн санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж байх ёстойг онцлон хэллээ.

Дараа нь “Эрүүл мэндийн салбар дахь шинжлэх ухаан, инновацийн өнөөгийн байдал” сэдвээр Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба инноваци” сэдвээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ш.Энхтөр, “Эрүүл мэндийн салбарын инновацийн бүтээгдэхүүнд Шинжлэх ухаан технологийн сангаас олгосон санхүүжилт үр дүн, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, “Нөхөн үржихүйн инноваци” сэдвээр Өөжинмед эмнэлгийг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү нар илтгэл тавьсан юм.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид холбогдох яамдын сайд нарт инноваци болоод хийгдэх боломжтой ажлуудын талаар саналаа хэлэв.

Тухайлбал, хэт төвлөрлийг сааруулах замаар нөхөн үржихүйтэй холбоотой асуудлыг шийдэх, архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг үүнээс хол байлгах, оношилгоонд зарцуулж буй хөрөнгийг инновацид зарцуулдаг байх, хүнс болон эм зүйн салбарт хяналт тогтоох зэрэг саналуудыг хэлж байлаа 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан