Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 оны хичээлийн жилээс ЕБС-д эрүүл мэндийн хичээл заахаар боллоо

  admin 2017-12-13 1112

ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын хүн амын сангаас хамтран зохион байгуулсан "ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар” нөлөөллийн уулзалтаар ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо. 
Хүүхдийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байнa. Тухайлбал, дэлхийн олон оронд хийсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол Улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна. 

Энэ үеэр оролцогчид манай улсын эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, үндэсний стандартыг эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх нэн шаардлагатай байгааг хэлж байв. 
ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлээр тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон. 2015 онд ЭМЯ энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийхэд ”маш хангалтгүй” гэж гарсан. Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд хамтран удаа дараа БСШУЯ-нд албан тоот хүргүүлж байсан. Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна” гэв. 
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 2018 оны хичээлийн жилээс хүүхдүүд эрүүл мэндийн хичээлээр шаардлагатай мэдлэг, мэдээлэл олж авдаг болно гэдгийг хэлж байв. Тэрбээр, “Сүүлийн 16 жилд Эрүүл мэндийн хичээлийг орхигдуулснаар хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Хүн бүр дээд боловсролтой, физикч, математикч болох албагүй ч ирээдүйд ээж, аав болно. Хүн болж төлөвшүүлэх, эрүүл ахуйн дадал хэвшилтэй болгох ажлыг боловсролын системээр дамжуулан хийхгүй орхигдуулсан нь хүндээ чиглэсэн маш том хөрөнгө оруулалтын зайг үлдээжээ" гэв.
 ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар болж, энэ дагуу холбогдох яамныхан бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.
Уулзалтад боловсрол, эрүүл мэндийн салбарын сайд нар болон  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан