Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүүхдийн сонсгол бууралтын 60 хувийг сэргийлэх боломжтой

  admin 2018-03-20 691

Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож  мэдэх арга зам нь  харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн  мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм.

Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 32 сая нь хүүхдүүд байна. ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60%-ийг сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар эмнэлэгт хандан сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдон, тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо 5431 байсан бол 2014 онд 7302 болж өссөн байна.

Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар хүүхдийн хэл ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм. 

Нялх хүүхдийн сонсгол муу байгааг яаж мэдэх вэ?

Хэрэв та хүүхэд тань сайн сонсож байгаа, эсэхэд эргэлзэж байгаа бол дараах үзүүлэлтийн дагуу шалгаж үзнэ үү. 
• 4-6 сартай нялх хүүхэд чангахан дуу чимээ гарахад цочиж, эцэг эх нь аргадахад тайвширна. 
• 3-4 сартайгаас хүүхэд дуугарч инээнэ, чимээ гарсан зүг рүү нүдээ хөдөлгөнө.
• 6 сартайгаасаа авиаг дуурайж дуургарна 
• 7-8 сартайдаа хөгжим сонсоод хариу үйлдэл үзүүлнэ. 
• 10-12 сартайдаа хүүхэд ойролцоогоор нэг метрийн зайд ярихад сонсож байгаа нь мэдэгдэнэ, “болохгүй” гэж хориглохыг ойлгоно. 
• Хоёр насны орчмоос чихэнд нь шивнэж хэлсэн зааврыг биелүүлнэ.

Эдгээрээс аль нэгийг нь хийж чадахгүй байвал та чих, хамар хоолойн эмчид очиж хүүхдийнхээ сонсголыг шалгуулаарай. Гэхдээ хүүхэд бүрийн сонсгол, ярианы хөгжил өөрийн гэсэн хурдацтай байдаг тул та хүүхдээ бусадтай харьцуулан тэвдэх хэрэггүй.

Сонсгол муу байхын шалтгаан юунд орших вэ?

Сонсгол муу хүүхдүүд ихэвчлэн дунд чих, гуурсан хоолойн салст бүрхэвчийн үрэвсэлтэй байдаг. Үүний эх үүсвэр нь ойр ойрхон ханиад туссанаас дунд чих үрэвсэж, тагнай-хамрын хөндийн уг болон дунд чихний хооронд орших нарийхан гуурсан хоолой бүрэн бус онгойж, юм залгихад дунд чихэнд бага зэрэг агаар түгжигдсэнээс болно. Тэрхүү вакум орчинд шүүрэл үүсч дуу чимээ дамжин орох боломжгүй болгоно.

Мөн хүүхэд төрөлхийн сул сонсголтой байх нь олонтаа. Энэ нь голдуу жирэмсэн үе (жишээлбэл, "улаанууд" өвчин) болон төрөхийн (хүчилтөрөгч дутагдах) хүндрэлээс болдог байна. Түүнчлэн янз бүрийн эм тариа хэрэглэснээс хүүхэд сонсголын сосгогтой төрөх тохиолдол байдаг.

Хүүхэд төрөхдөө зүгээр төрсөн мөртлөө сонсголын ямар нэг согогтой болох тохиолдол байдаг. Энэ нь янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй. Жишээлбэл, улаан бурхан, гахайн хавдар, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчнөөр өвдөх. Их хүчтэй дуу чимээ, жишээлбэл, тоглоомон бууг чихэн дээрээ буудах гэх мэт.

Урдчилан сэргийлэх

Урьдчилан сэргийлэх үзлэгээр олон нялх болон бага насны хүүхдийн сонсголын согогийголж тогтоодог байна. Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж, хэрэв сонсгол нь сул байвал аль болох эрт илрүүлж тогтоохыг зорих хэрэгтэй. Дээрх энгийн аргаар хүүхдийн сонсголыг гэртээ шалгаж болно.

Сонсгол муу байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Сонсгол муу байх нь хүүхдийн хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлнө. Сул сонсголтой хүүхэд исгэрэх авиануудыг сольж хэлэхийн зэрэгцээ дунджаар 21 сартайдаа (10 ба 11 сартайдаа бол хэвийн) анхны үгээ хэлж хэлд орно. Нэлээд муу сонсголтой хүүхэд хоёр хагас нас хүрч байж анхны үгээ хэлж хэлд ордог байна.

Хүүхдийн сонсгол муу байвал яах вэ?

Сонсголын аппарат хэрэглэснээр хүүхдийн сонсгол мэдэгдэхүйц сайжирдаг. Төрөлхийн сул сонсгол той хүүхдэд эхний зургаан сарын дотор сонсголын аппарат тавих хэрэгтэй. Учир нь хүүхдийн тархи гурван нас хүртлээ сонссон мэдээллээ судалж ашиглахад суралцдаг байна.

Зарим хүүхдэд мэс заслын аргаар хиймэл дотоод чих (Cochlear Implant) суулгахад тустай. Ингэхэд сонсголын мэдрэл эрүүл гэмтэлгүй байх шаардлагатай. Дуу чимээ дамжих сувгийн бэрхшээлийн нэлээд хэсгийг эм тариа хэрэглэх болон мэс заслын аргаар эмчилж болдог ажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө