Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Та байгаагаараа үзэсгэлэнтэй

  Б.Уянга 2017-01-05 1973

Орчин үеийн гэх тодотголтой өнөөгийн нийгэм эмэгтэй хүн бүрийг өв тэгш сайхан байхыг шаардаж байгаа нь нууц биш. Энэ хирээрээ ч сүүлийн үед охид бүсгүйчүүдийг давалгаалсан олон арга хэмжээ , сургалт энд тэнд зохион байгуулагдаж нүүр номоор уриалах болжээ. Төрөлхийн дотоод гоо сайхан гэх ойлголтын үнэ цэнэ өсвөр насныханд үгүй болж бүхнийг мөнгөөр шийдэж гоо сайхан болох гэсэн үзэл ноёрхох болсон нь илт. Үүнийг нь өдөөн хатгасан гоо сайхны элдэв сурталчилгаа, зар хаа сайгүй түгэх болж түүнийг даган дууриагчид хошуурах болсныг нуух юун. Үнэртэн, элдэв тос, тураах цай, жин хасдаг бүс , хөлөргөдөг эм гээд хормын төдийд “хулууг сүйх тэрэг” болгодог ид шидийн бүтээгдэхүүний тоо илт олширч зах зээлд ч өргөн хэрэглэгдэж байгаа нь энэ төрлийн худалдан авалт огт тасрахгүй байгаатай холбоотой. Харин бодит байдал дээр хэрхэн үйлчилж байгааг эргээд мэдээлдэг нь тун цөөн.  Охид бүсгүйчүүд амнаас ам дамжсан ярианд итгэж, нэгнээ уруу татаж уриалан дуудсаар үргүй зарлага гаргаж өгөөжгүй бараанд гоо сайхнаа даатгасаар байна. Сүүлийн үед охид хүүхнүүдийн дунд янз бүрийн нэрээр алдаршаад байгаа корсетны хэрэглээ ч амтай болгоны ярианы сэдэв болж эмэгтэйчүүдийн гэх тодотголтой цахим хуудас бүрт багтах боллоо.  Сард цөөн хэдэн сантиметрээр бүсэлхийгээ багасгахын төлөө бүсгүйчүүд амьсгалахад бэрхтэй резинээр өөрийгөө ороож, зовоох нь нийтлэг үзэгдэл болжээ.  Уг нь хөдөлгөөн юм бүхний үндэс эрүүл байхын эх сурвалж гэдгийг хэн хүнгүй мэддэг байлтай.  Бараагаа сурталчилж байгаа иргэдийн хувьд ч сөрөг талыг нь ярихаас илүүтэй хаа холын Америк, Англи, Солонгосынх хэмээн ухуулахаа урьтал болгоно. Хаймран резиныг хэдэн цаг зүүхэд хүний дотоод эрхтэн дарагдаж, амьсгалахад бэрх болдогоос таны энгийн амьсгалын давтамж алдагдаж уушгинд ирэх хүчилтөрөгчийн хэмжээ ч буурна.  Үүнийгээ фитнесс зааланд зүүж дасгал хийж байгаа бүсгүйчүүд хөлсөөрөө хэдий хэмжээний кальци алдаж байгаагаа тооцдог болов уу.  Хөлсөөр гадагшилж байгаа кальцийн хэмжээгээ эргээд нөхөж чадахгүй бол ясны сийрэгжилтийн эх үүсвэрийг ийнхүү тавьж байна гэсэн үг. Хэдий одоо сайхан харагдаж байгаа ч нас ахиад ирэхээр өвдөг өвдөж, үе мөч янгинадаг болох юм.

 Гоё сайхан байх гэсэн бүсгүйчүүдийн чин хүслийг буруутгах аргагүй ч аливаа зүйл хэмжээ хязгаартай байдгийг санах хэрэгтэй. Корсетны хэрэглээний араас толгой цохин хөөж яваа тураах цайны тухай эмч нар халаглан ярисаар байна.  Тураах гэх тодотголтой бүтээгдэхүүн бүр элэг, бөөр, ходоодийг алж байдаг гэдгийг тэд хэлж байна. Учир нь биеэр орж байгаа бүхий л шингэнийг бөөр шүүдэг учраас тураах бүтээгдэхүүнүүд бөөрийг үрэвслүүлж, ходоодны ханыг хүчтэй цочроодог байна. Хоол идэх дуршлыг бууруулдаг учраас жин хасах нь гарцаагүй. Гэхдээ эрүүл гоолиг биеийг энэ жамаар олж авахгүй нь ойлгомжтой.  

Цаг хугацаа урсаж нийгмийн хандлага хувьсан өөрчлөгдөхийн хирээр эмэгтэй хүн бүрийг алдаагүй өв тэгш байхыг шаардсан хатуухан тулгалт, элдэв янзын яриа, харц болгоны шүүлтүүр ийм байдалд хүргэж байгаа ч байгалийн гэх тодотгол аль ч зүйлд эргээд байр сууриа бататгаж байгааг бүү мартаарай. Элдэв янзаар чимээгүй, гоёж гоодоогүй зүйлс энгийн хирнээ нандин байдаг шиг олон төрлийн химийн бодисонд хордоогүй таны бие хорь, гучин жилийн дараа эргээд эзэндээ талархах болно. Өөрийгөө өөлж гоочилж суун цахим ертөнцөөр аялан энэ тэр бүтээгдэхүүнийг сонирхон сонжин яваа та байгаагаараа цор ганц, эхээс төрсөн энэ л хувь төрхөөрөө үзэсгэлэнтэй гэдгээ битгий мартаарай. Дэлхийн долоон тэрбум хүн бие биенээсээ эрс ялгаатай байдаг шиг гоо сайхныг хэмждэг хүн бүрийн хэмжүүр адилгүй байдгийг санаарай. Бусдын гоо сайхны шүүлтүүрт өөрийгөө оруулж хэвэнд цутгасан олон хиймэл төрхөөс өөрийгөө авран хамгаалахыг эрхэм бүсгүй танд зөвлөе. Та байгаагаараа үзэсгэлэнтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан