Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тооцоо хэн хийх вэ?

  admin 2017-11-16 3340

Найз нөхдийн уулзалт, наргиан цэнгээний дараа тооцоо хэн хийх вэ гэдэг асуудал таны амьдралд хэр хурц хөндөгдөж байна. Хамтдаа ууж идсэний дараа төлбөр тооцоо хийх дээр та сэтгэл дундуур үлдэж байна уу эсвэл чимээгүй дотроо "баярлаж" явна уу.  Соёлгүй, утгагүй, өрөөл бусдын санхүүгийн эрх чөлөөнд халдсан энэ дадал хоёр янз. Даагч болон даалгагч. Харин та хэн нь бэ?. 

Даалгагч нар дотроо олон янз. Тухайлвал: 

Цагаандаа гарагсад

Аль ч найз нөхдийн хүрээнд цагаандаа гарсан гэх ангилалд орох хэсэг бий. Энэ ангиллынхан уулзах болоод ирэхээр найз нь мөнгөгүй шүү, даах юм байгаа биз дээ гээд шууд хэлчихдэг. Эсвэл надад ердөө л хоёр шар айрагны мөнгө байгаа шүү гэхчлэн битүү утгаараа даалгах аяа олчихдог. Энэ төрлийн даалгагчдын нийтлэг онцлог нь боломж бололцоогүй, туйлдсандаа даалгадаггүй шиг байгаа юм. Сайнаар хэлбэл ялих шалихгүй зүйлд мөнгө үрэх сонирхолгүй, муугаар хэлбэл бусдыг шимж амьдардаг хувалзархуу чанарын улс юм. Энэ төрлийн хүний түүхэнд найз нөхдөө дааж байсан нэгээхэн ч тохиолдлыг бүгдээрээ нийлж бодоод ч гаргаж ирж чадахгүй гэдэгт барьсан ч алзахгүй билээ.

Гурай ангиллынхан

Энэ төрлийнхөн яг тооцоо хийх торгон мөчид “новширдог”. Ууж идэхдээ уургын морь шиг хэрнээ ур дахь тооцоон дээрээ ургаа хад шиг гэсэн үг. Тэр хавиар хүмүүс тооцоогоо хийх гээд байгааг мэдээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Халаас түрийвчиндээ хүрэх ч үгүй, анзаараагүй, мэдээгүй юм шиг л мэлзчихнэ. Олуулаа явахад энэ төрлийнхөн “туулайчлах” гээд байдаг гэмтэй. Аль болохоор хойшоо суугаад л, хүн бүр хэдэн төгрөг гаргаж байгааг мэдсээр байж тооцоо гүйцэх хүртэл боксын дэвжээн дээр тоолуулж байгаа юм шиг гүрийнэ. Олуулаа болохоор мөнгөө өгөөч гээд халдаад хэлэх эвгүй, тэгсхийгээд уусгачихна. Нэхүүлэн байж өглөө гэхэд хэд гуравхан төгрөгөөр аргалаад өнгөрөөх нь нэн олонтой.

Сэргэлэн багийнхан

Сэргэлэн багт мэдээж сэргэлэнчүүд орох нь тодорхой. Тэдний гол аргуудаас дурдвал тооцооны хуудас барьсан зөөгчтэй зөрөөд угаалгын өрөө орно, утсаар яриад гарна, тооцоо хийх торгон мөчид ар гэрээс нь “тогтмол” яаралтай дуудлага ирнэ. Ер нь юухан хийхэн яриад л бултчихдаг. Эсвэл тасарч унасан дүр эсгэх. Ялангуяа үйлчлүүлэгч олонтой зоогийн газар, баар, цэнгээний газраас нэг хэсгээ орхиж бултах явдал бидний хэдэн монголчуудын дунд нэн түгээмэл билээ.

Сайн яваа нэгнээ “шатаагчид”

Ажил нь амжилттай яваа нэгнээ “шатаах” нь манайхны бас нэг буруу зуршил. Энэ л мөнгөтэй, боломжтой болсон юм чинь ганц хоёр удаа даахад яах вэ дээ гэсэн бодолтой хүмүүс байдаг. Амжилт хүн дээр өөрөө гүйгээд ирдэггүй, хөдөлмөр зүтгэл, эрсдэл, боломж бүгдийг туулж хэдэн төгрөг олдог юм шүү дээ.

Эм хүйсээ “ашиглагчид”

Болзоот залуу чинь л биш бол хамт хоолонд орсон залуугаар даалгах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хүйсийн ялгааны давуу талыг хоолны тооцоон дээр гаргадаг эмэгтэйчүүдийг ойлгоё гээд ч ухаан хүрэхгүй байх тохиолдол бий. Энэ төрлийн “халдлагад” ажлын газрын эрчүүд их өртдөг. Мөрөөрөө хамт цайнд орчихоод гарч ирэхдээ идсэн хоолоо нугалаад төлнө гэдэг ялих шалихгүй юм шиг боловч ядаргаатай асуудал л даа.

Харин "Даагчид" гэж хэн бэ?

Дарга нар

Мэдээж нэг номерын даагчид бол дарга нар. Ажлын хамт олноороо гарлаа гэхэд дарга заавал даана. Гэхдээ дарга ч гэсэн ар гэртэй амьдралтай, халаас түрийвч нь хэмжээ хязгаартай хүн. Хязгааргүй байсан ч албатуудаа заавал даах ёстой гэсэн хууль хаана байна. Албаны харилцааг арай эерүү явуулах гээд орчноо солих тохиолдол байна. Тэр ч яах вэ, даргын нэрэмжит наргиан цэнгээн гээд бизнесийн дүрэмд байдаг биз. Үүнээс халиад хэн нэгний төрсөн өдөр, эхнэр төрсний баяр гэхчлэн хувийн чанартай арга хэмжээнд манайхан байгууллагаас гадуурх соёлтой баймаар. Дарга дааж байгаа юм чинь гээд үнэтэйг нь захиалж хахаж цадатлаа ууж идэх нь нэг талаар ичгүүргүй гэмээр үйлдэл.

Нэрэлхүү зан

Бид эцэг өвгөдөөсөө “нэрэлхээд нэрээ идэх биш” гэсэн сургааль сонсч ирсэн ч хэрэгжүүлэхдээ маруухан. Эхний бүлэгт дурдсан даалгагчдын армийн гол хохирогчид болох даагчдын олонх нь нэрэлхүү хүмүүс. Тэд бусдыг тооцоо хийхийг хүлээж тэсэхгүй өмнөөс нь төлчихдөг. Нэрэлхүү дээр онгироо нэмэгдвэл би даачихъя гээд түрүүлээд ам алдчихдаг. Ач хариулж байгаа хэлбэр биш бол хүний идсэн хоолны мөнгийг өмнөөс нь төлөхийг хэн хүсэх билээ. Зүгээр л нэрэлхүү зан иймэрхүү тохиолдолд гай чирдэг. Даахгүй юм шүү гэж дотроо боддог ч гар нь түрийвч рүүгээ өөрийн эрхгүй явдаг бол та нэрэлхүү хүн юм. Гэхдээ өмнөөс мэлрээд сууж байгаа хүний мөнгөө гаргахыг хүлээнэ гэдэг хэцүү л дээ, мэдэрдэг хүнд бол.

“Даах ёстой” хүмүүс

Тогтсон эзэнтэй баяруудад хоёр үндсэн даалт байдаг. Нэгт; төрсөн өдрийн эзэн ширээн дээрх бүгдийг даах. Зочид зөвхөн ходоодоо, бэлгээ бэлдэж ирнэ. Хоёрт; төрсөн өдрийн эзнийг тэр өдрийн тооцооноос бүрэн хасах. Харин зочид бүх тооцоог төлнө. Энэ мэтчилэн тодорхой асуудал, хүн рүү чиглэсэн арга хэмжээний төлбөр тооцоо нийтийн дунд биш, тохох эзэнтэй байдгаараа онцлог.

Тэгш хуваалт

Бидний дунд бас нэг утгагүй даалт байдаг нь гарсан тооцоог нийт хүний тоонд хувааж төлөх. Хамт олныхоо ууж идсэнийг тэр аяар нь даадгийг бодвол харьцангуй ардчилсан ч гэсэн бас л утгагүй төлөлтийн нэг. Ганц аяга ус уусан нэг нь таван шил шар айраг гүзээлсэн нөгөөгийнхөө тооцооноос төлөлцөнө гэдэг гомдмоор. Манайхан голдуу ажлын хамт олон, анд нөхдөөрөө наргиж цэнгэхдээ хуваалтын энэ зарчмыг ашигладаг. Даах, даалгах нь ялих шалихгүй юм шиг боловч ядаргаатай, утгагүй асуудал. 

Ингэж дааж, даалгуулж, нэгнээ хоёрын хооронд юман дээр хэмлэж байхаар өөр өөрсдийнхөө тооцоог хийдэг соёлд суралцъя. Гадаадад ээж охин хоёр хоол идэхдээ хүртэл тооцоогоо тусдаа авдаг. Хамт олноороо найз нөхдөөрөө уулзсан ч тус тусдаа тооцооны хавтаст мөнгө эсвэл банкны картаа өгөөд л явуулдаг. Барууны соёл гээд л хуулаад байдаг, энэ соёлыг л бүрэн хуулчихад буруудахгүй. Өөрт амар, өрөөлд бүр амар. Харилцаанд ч амар. Өнөөдөр чи даалаа маргааш би даана аа гэж өр тавихгүй. Уулзахаараа дандаа даалгадаг гээд найзууд бие биеэсээ жийрхэхгүй. Өөрөө өөртөө зориулж л та үрнэ. Ингээд бодвол бусдаар даалгах нь шал утгагүй зуршил гэдэг нь харагдаад байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан