Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хоёр Солонгосын батлан хамгаалах салбарынхан уулзаж байна

  М.Даваадулам 2018-06-14 1824

АНУ, БНАСАУ-ын лидерүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт хоёр хоногийн өмнө болж, Умард Солонгос улс цөмийн хөтөлбөрөө хумьж, хариуд нь Вашингтон аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон. Уулзалтын дүнд баталсан баримт бичгийг даган мөрдөж, аль болох богино хугацаанд хэрэгжүүлж эхлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн. Түүний үг ч ажил хэрэг болж байна. Өнөөдөр хоёр Солонгосын хилийн Панмунжом сууринд БНСУ болон БНАСАУ-ын батлан хамгаалахын салбарынхан уулзлаа.

БНСУ, БНАСАУ-ын цэрэг батлан хамгаалах салбарын удирдлагуудын уулзалт  2007 оноос хойш анх удаа болж байгаа. Умард Солонгосын албаны төлөөлөгчдийг дэслэгч генерал Ан Ик Сан, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хошууч генерал Ким До Гюн тэргүүлж байна. Тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажиллаж байна.

Уулзалтаар Солонгосын хойг дахь хурцадмал нөхцөл байдлыг “зөөлрүүлэх” асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Энэ оны 4-р сарын 27-ны өдөр БНСУ болон БНАСАУ-ын лидерүүдийн уулзалтын дүнд баталсан Панмунжоны тунхагийг хэрэгжүүлэх асуудалд өнөөдрийн уулзалт чиглэж байна. Хоёр улс хооронд цэргийн харилцаа холбооны шугамыг сэргээх, Батлан хамгаалах сайд нарын түвшинд уулзалт хэлэлцээрийг тогтмол зохион байгуулах, хоёр улсын Батлан хамгаалах сайд нарын хооронд шууд утсан харилцаа холбоо тогтоох зэрэг асуудал багтаж байна.

Хоёр улс мөн БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулахыг зогсоох асуудлыг хэлэлцэж магадгүй гэж Японы NHK телевиз мэдээллээ. Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулахаа зогсоож магадгүй гэж Доналд Трамп Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Мөн Солонгосын дайны он жилүүдэд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хилийн зэвсэггүй бүсэд нутаглуулах асуудлыг ч өнөөдрийн уулзалтаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө