Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 21 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДИПЛОМ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД БАЙНА

  М.Ариунжаргал 2018-09-20 921

Улс орны цаашдын хөгжилд нөлөөлөх гол зүйлийн нэг нь чадварлаг боловсон хүчин гэдэг.  Тиймдээ ч иргэд нь дээд боловсрол эзэмшиж ирээдүйдээ хөрөнгө оруулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах учиртай. Манай улсад өнөөдрийн байдлаар 90 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэвч үр хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй иргэдэд сургалтын төлбөр чамгүй дарамт болдог гэдгийг иргэд хэлдэг. Энэ жилийн тухайд ч их дээд сургуулиудын төлбөр  өмнөх жишгээрээ нэмэгдсэн байгаа оюутнууд хэлж байна.

Монголын төр иргэнээ чадавхжуулах зорилгоор их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох ажлыг эхлээд 20 гаруй жил болжээ. Өнөөгийн боловсролын зээлийн сан анх сургалтын төрийн сан нэрээр байгуулагдаж дээд боловсрол эзэмших хүсэлтэй сурагч оюутнуудад төрөөс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсээр байна. Харин эх орондоо ихийг бүтээж улсаа хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой төрийнхөө итгэлийг даагаагүй 14 мянган иргэний диплом өнөөгийн боловсролын зээлийн сангийн нэг өрөөнд эзнээ хүлээсээр байна.

Боловсролын зээлийн санд өнөөдрийн байдлаар улсын төсөвт төвлөрөх ёстой 21 тэрбум төгрөгийн диплом хадгалагдаж байна. Уг нь бол эдгээр хүмүүс улсаас зээлсэн сургалтын төлбөрөө төлөөд дипломоо авчихвал ядаж л 21 сургууль цэцэрлэг барих боломжтой.

Зээл авсан оюутнууд дипломоо барьцаалан явдаг ч хуулбарыг нь өгөхгүй байх журам боловсролын зээлийн санд байдаггүй гэнэ. Тиймээс дипломын хуулбараа авсан оюутнууд ажлын байранд гарахдаа хуулбараа үзүүлэн ордог асуудалд албан байгууллагууд анхаарах хэрэгтэй болжээ.

Үе үеийн засгийн газраас сургалтын төлбөрийн зээл авсан оюутнуудын зээлийг чөлөөлөх шийдвэрүүд гаргаж байжээ. Тухайлбал 2004 онд засгийн газрын 22- р тогтоолоор зээл авсан оюутнуудын төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргаж энэ үед чөлөөлөгдсөн 300 гаруй хүний диплом өнөөдөр хадгалагдаж байгаа юм байна. Харин 2008 онд 178- р тогтоол гарган мөн сургалтын төлбөрийн зээл авсан оюутнуудын зээлийг чөлөөлсөн байна. Ингэхдээ 2004 оноос ялгаатай нь 2,8 -аас дээш голчтой, улсдаа хоёр жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөх тогтоол гаргаж байжээ. тэгэхээр энэ хугацаанд чөлөөлөгдсөн хүмүүс дипломоо авах боломжтойг албаны хүн хэлж байна. Үүнээс гадна дээд боловсрол эзэмшсэн оюунлаг иргэд маань үүргээ ухамсарлан зээлийн барьцаанд байгаа дипломоо нэн даруй авах хэрэгтэйг онцолж байлаа.

Өнөөгийн нөхцөлд оюутнуудад зээл олгохдоо таван хувийн хүүтэй байсан зээлийг хүүгүй олгох шийдвэрийг засгийн газар гаргаж арилжааны банкаар дамжуулах биш боловсролын зээлийн сангаас олгодог болсон. Ингэснээр банкны шалгуурт бүдрэхгүйгээр 35-37 мянган оюутан сургалтын төлбөрөө хүүгүй, барьцаагүй төрөөс зээлэх боломж бүрдсэн юм. Энэ онд л гэхэд төр иргэдээ дэмжих үүднээс  32 мянган оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгохоор санхүүжилтийг шийдсэн байна. Гэвч дээд боловсрол эзэмшсэн гэдгийг нь нотлох ганц баталгаа болсон дипломоо авахгүй байгаа иргэд шиг авсан зээлээ төлөхгүй байх нөхцөл дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн хугацаанд нийт 1500 оюутныг өндөр хөгжилтэй орнуудад сургасан байна. Ингэхдээ улсын төсвөөс бакалаврын төвшний сургалтад хамрагдаж байгаа оюутанд жилдээ 14,5 тэрбум төгрөгийн зээл төсвөлдөг бол магистр, докторын төвшний сургалтанд хамрагдаж байгаа оюутнуудад 7,6 тэрбум төгрөг төсвөлдөг байна. Энэ нь нэг оюутанд 16-32 мянган доллар буюу 40-80 сая төгрөгийн зээл олгодог байгаа юм. Гэвч өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй 191 хүн ор сураггүй байгаа гэнэ.  

Оюутан залуусын дунд өндөр хөгжилтэй оронд суралцахад сургалтын төлбөрийн зээл авах сонгон шалгаруулалт нээлттэй мэдээлэл нь ил тод биш байдаг гэх шүүмжлэл байдаг юм. Тэр дундаа УИХ ын гишүүд, сайд дарга нар, том компанийн захирлуудын хүүхдүүд явдаг  ч гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл Гадны оронд бакалавр, магистр, докторын чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын сонгон шалгаруулалтыг боловсрол соёл шинжлэх ухаан спортын яаман дээр хийдэг байна. Сонгон шалгаруулалт жил бүрийн 4-5 р сарын хооронд явагддаг байна. 

Сүүлийн гурван жилийн байдлаар 100 орчим хүн боловсролын зээлийн сангаас зээл авч гаднын оронд суралцаж байгаа юм байна. Харин засгийн газрын тэтгэлгээр 4300 хүн суралцсан бол жилдээ 1400 орчим хүнийг тэтгэлгээр суралцуулж байна. Тэтгэлэг болоод боловсролын зээлийн сангаар суралцах хүсэлтэй иргэдэд дараа долоо хоногоос эхлээд БСШУСЯ ны цахим хуудсаар нээлттэй мэдээлэл өгдөг болох гэнэ. Тиймээс улсын ирээдүй болсон оюутан залуус мэдээллийг шуурхай авч боломжийг өөрсдөө хайдаг байх хэрэгтэй юм. Харин дээд боловсрол эзэмшин хүмүүнлэг иргэн болж төлөвшиж байгаа иргэд төрийнхөө итгэлийг даадаг байх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. 

                        дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 21:00 цагт "Цаг" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө