Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОПЕК+ олборлолтоо бууруулахаар шийдвэрлэв

  М.Даваадулам 2018-12-08 1526

ОПЕК+ бүлэг олборлолтоо бууруулахаар тохиролцлоо. 2019 оны эхний хагаст хоногийн олборлолтоо 1.2 сая баррелиэр танана. Энэ нь дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэлийн 1%-тай тэнцэх үзүүлэлт юм. Ингэснээр газрын тосны үнийг өндөр хэвээр барих боломжтой гэж газрын тос экспортлогчид харж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон улсын зах зээл дээр газрын тосны үнийг бууруулахыг уриалсан. Гэвч энэ уриалгыг ОПЕК+ бүлэг анхааралдаа авсангүй, олборлолтоо танаж, хар алтны үнийг өндөр хэвээр барихаар шийдвэрлэлээ.

Ингэхдээ ОПЕК бүлгийн гишүүн орнууд хоногийн олборлолтоо 800 мянган баррелиэр, харин гишүүн бус холбоотон орнууд 400 мянган баррелиар танахаар тохиролцлоо.

Хойд хөрш ОХУ ОПЕК+ бүлгийн хэлэлцээрийн хүрээнд хоногийн олборлолтоо 228 мянган баррелиар танах гэнэ. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак баасан гарагт гаргасан шийдвэрийг харилцан буулт хийсэн, харилцан ашигтай тохиролцоо гэж дүгнэж байна.

Энэ удаагийн тохиролцоо ирэх оны эхний улирлын турш хэрэгжинэ. Дараагийн алхмыг ирэх оны 4-р сард ОПЕК+ бүлгийн сайд нар дахин уулзаж, хэлэлцэх юм байна.

ОПЕК-ийн Мониторингийн хороо олборлолтоо танахыг гурав хоногийн өмнө зөвлөсөн. Гэвч тус байгууллагын гишүүн орнууд болон газрын тос олборлогч бусад холбоотон орнууд сүүлийн мөч хүртэл олборлолтоо хэдий хэмжээгээр танах асуудлаар тохиролцож чадахгүй байсан юм.

ОПЕК+ бүлэг олборлолтоо танах шийдвэрээ танилцуулснаар олон улсын таваарын зах зээл дээр хар алтны үнэ өслөө. Баасан гарагийн арилжаагаар Brent маркийн газрын тосны ханш 5% өсөлт үзүүлж баррель тутам нь 63.32 ам.доллар боллоо.

ОПЕК+ бүлэг 2017 оноос газрын тосны олборлолтоо хоногийн 1.8 сая баррелиэр танаж, улмаар 2017 оны дунд үе гэхэд газрын тосны нийлүүлэлт болон эрэлт олон улсын зах зээл дээр тогтворжиж, үнэ нь тогтворжсон.

Харин 2018 онд АНУ Иран улстай байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс гарсан, Венесуэл улсад эдийн засгийн болон дотоодын улс төрийн хямрал гаарсан, Ойрхи Дорнодод геполитикийн нөхцөл байдал тогтворгүйжсэн, ОПЕК болон ОХУ олборлолтоо танасан. Ингэснээр олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсч, энэ оны 10-р сард хамгийн өндөртөө баррель тутам нь 86 ам.доллар хүрч, түүнээс хойш аажим аажмаар бууж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө