Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ын Засгийн газрын өр Доналд Трампын үед 2 их наяд ам.доллараар өсчээ

  М.Даваадулам 2019-01-04 763

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд суугаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд тус улсын Засгийн газрын өр 2 их наяд ам.доллараар өсчээ. Өөрөөр хэлбэл, 10% нэмэгдсэн байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Доналд Трамп улс орны энэ өрийг Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд буюу найман жилд бууруулж чадна гэж амлаж байсан. Өнөөдөр АНУ-ын Засгийн газрын өр 22 их наяд ам.долларт хүрчээ.

Бүгд Найрамдах нам АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатыг хяналтандаа байлгасан өнгөрсөн хугацаанд Вашингтоны Засгийн газрын өр өсөн нэмэгдсэнийг CNN агентлаг онцолж байна.

Удаа дараагийн өөрчлөн шинэчлэл, олон улсын худалдааны гэрээ хэлцлийн нөхцлийг эргэн харснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, АНУ Засгийн газрын өрөө бэлэн мөнгөөр төлж барагдуулж чадна гэж Доналд Трамп сонгуулийн өмнө амлаж байсан. Төрийн тэргүүний суудалд сууснаас хойш ч АНУ худалдааны шинэ татвар оноож эхэлснээр олж буй мөнгөн орлогыг Засгийн газрын өрийг барагдуулахад зарцуулна гэж мэдэгдэж байсан.

2018 оны санхүүгийн жилд АНУ-ын Засгийн газрын өр хагас жилийн хугацаанд 20 их наяд ам.доллараас 21 их наяд болон нэмэгджээ. Засгийн газрын зарлага хяналтгүй байна, энэ нь цаашлаад илүү их алдагдал дагуулна гэж Конгресс дахь консерваторууд болгоомжилж байна.

АНУ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу Засгийн газар холбооны зээлийг 2019 оны 3-р сарын 1-нээс өмнө хязгааргүйгээр нэмэгдүүлж болно. Дараагаар нь өрийн тааз тулдаг байна. Ингэснээр цаашид өрийн хэмжээг нэмэгдүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, 10-р сарын 1-нд эхэлдэг санхүүгийн жилийн эхний хагаст Засгийн газрын өрийг хүссэнээр нэмэгдүүлж болно.

ОУВС-ийн мэдээллээр, АНУ-ын Засгийн газрын өр 2017 онд ДНБ-ийн 108%-тай тэнцэж байжээ. Харин 2023 онд ДНБ-ийн 117%-д хүрч болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал гаргасан байна.

АНУ-ын өнөөгийн Засгийн газрын өр нь 2007-2008 онд дэлхий дахинд нүүрлэсэн санхүү эдийн засгийн хямралаас үлдсэн хор уршиг. Тэр цагаас хойш АНУ удаа дараа өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, тухай бүрт Ардчилагчид болон Бүгд Найрамдахчууд хооронд улс төрийн маргаан үүсч байсан.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед АНУ-ын Засгийн газрын өр 9 их наяд ам.доллараар өсч, 20 их наяд ам.долларт хүрчээ.

Америкийн эдийн засагчдын урьдчилсан тооцоогоор, 2026 онд энэ үзүүлэлт 30 их наяд ам.долларт хүрч магадгүй. АНУ-ын ДНБ өнөөдөр 19.5 их наяд ам.доллартай тэнцэж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө