Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Касым-Жомарт Токаев Казахстаны ерөнхийлөгчийн үүрэгт албандаа орлоо

  Б.Оюун 2019-03-20 604

ЗХУ задран бутарснаас хойш өнөөдрийг хүртэл бараг 30-аад жилийн туршид цор ганц удирдагчийн дор явж ирсэн Казахстан улсад төрийн тэргүүн солигдлоо. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ТУХН-ийн улс орнуудаас Казахстан улс цор ганцаар өнөөдрийг хүртэл зөвхөн нэг хүний удирдлаган дор явж, хүчирхэг эдийн засаг бүхий, бүс нутагтаа тэргүүлэгч хөгжингүй улс орон болсон юм. Энэ бүхний ач гавьяа нь яах аргагүй Казахстаны удирдагч Нурсултан Назарбаевын ач гавьяа гэж хэн хүнгүй баттай хэлнэ...

Төв Азийн бүс нутагт, Каспийн тэнгисийн баруун талаас Алтайн их өндөр уулсаар дамжин үргэлжлэх, Хятад болон Орос гэсэн хоёр их гүрэнтэй залгаа БН Казахстан улс өнөөдөр дэлхийд эн тэнцүү өрсөлдөгч хөгжил дэвшилтэй улс орон болон хөгжсөн. Тэгвэл улс орноо энэхүү хөгжил дэвшилд хөтлөн явж, улс орноо 29 жил тасралтгүй тэргүүлсэн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр гэнэтийн мэдэгдэл хийж, тэрээр төрийн тэргүүний албан сэнтийгээсээ сайн дураараа бууж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Тэрээр энэ шийдвэрийг ямар нэг гадны нөлөөгүйгээр, өөрөө бие даан гаргасан гэдгээ баталж, ерөнхийлөгчийн эрх үүргээс сайн дураараа татгалзаж байгаа тухай тушаал нь түүний ерөнхийлөгчийн хувиар гаргасан эцсийн шийдвэр гэдгийг мэдэгджээ. Нурсултан Назарбаев ард түмэндээ хандан албан ёсны мэдэгдэл хийхдээ өөрийн залгамжлагч, улс оронд дараагийн ерөнхийлөгчийн сонгууль явагдах хүртэл түүний суудлыг БН Казахстан улсын Парламентын дээд танхим, сенатын тэргүүн Касым-Жомарт Токаевт шилжүүлж, түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаагаа мэдэгджээ. Касым-Жомарт Токаев 2019 оны 3-р сарын 20 буюу өнөөдрөөс эхлэн Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлэн, эрх үүргээ албан ёсоор хүлээн авчээ.

Касым-Жомарт Токаев нь 1953 онд Алма-Ата хотноо мэндэлсэн, улс төрийн ухааны доктор, Казахстаны төр нийгмийн зүтгэлтэн, 1999-2002 оны хооронд Казахстан улсын ерөнхий сайд, 2013 оны 10-р сарын 16-наас Казахстаны парламентын дээд танхим, сенатын спикерээр саяхныг хүртэл ажиллаж байсан юм.

Токаев нь Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг 1970 онд төгсч, ажлын гараагаа хуучин ЗХУ-ын гадаад хэргийн яаманд ажилласнаар эхлүүлж байсан юм. Тэрээр дээд сургуулийн 5-р курсээсээ эхлэн БНХАУ дахь ЗХУ-ын ЭСЯ-нд дадлага ажлаа хийж, улмаар 1975 онд ЗХУ-ын гадаад хэргийн яаманд орж ажиллан, Сингапур дахь ЗХУ-ын дипломат төлөөлөгчийн газарт ажиллан, 1979 онд ЗХУ-ын гадаад хэргийн яамны аппаратад эргэн ирж ажиллаж байжээ.

Улмаар ЗХУ задран бутарсны дараагаар Токаев нь 1992 онд БН Казахстан улсын гадаад хэргийн яамны орлогч сайдаар ажиллаж, 1994 онд улсынхаа Гадаад хэргийн яамыг тэргүүлжээ. 1999 онд 3-р сард ерөнхий сайдын орлогчоор томилогдож, тухайн оныхоо 10-р сард нь Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тушаал, парламентын дэмжлэгтэйгээр БН Казахстан улсын ерөнхий сайдын албанд суусан байна. Ерөнхий сайдаар 2002 он хүртэл ажиллаж, сүүлд дахин Гадаад хэргийн яамыг тэргүүлэх болжээ. Нийтдээ Токаев БН Казахстан улсын гадаад хэргийн сайдаар 10 жилийн туршид (1994-1999, 2002-2007) ажиллажээ. 2007 оны 1-р сард Касым-Жомарт Токаев улсынхаа Парламентын дээд танхим, сенатын спикерээр сонгогдон, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдох хүртлээ тасралтгүй 12 жил ажилласан байна.

Албан сэнтийгээсээ сайн дураараа бууж байгаагаа зарласан Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Касым-Жомарт Токаевыг хуучин ЗХУ задран бутарснаас хойш өнөөдрийг хүртэл түүнтэй эдийн засгийн өндөр хөгжил дэвшил бүхий орчин үеийн Казахстан улсыг байгуулахад анхнаас нь гар нийлэн ажилласаар ирсэн, итгэл даах, үнэнч, мэргэжилтэй боловсон хүчин, чадварлаг удирдагч, нэр хүндтэй улс төрч гэж харж, түүнд улс орны хойч ирээдүйг эргэлзэх зүйлгүйгээр даатгаж байгаагаа илэрхийлсэн юм.

65 настай Касым-Жомарт Токаев нь түүнчлэн НҮБ-д ажиллаж, Женев дахь салбар байгууллагыг тэргүүлэн ажиллаж байжээ. Мөн НҮБ-ын зэвсэглэлийг хориглох байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Токаев нь орос, казах, англи, хятад хэл төгс эзэмшиж, мөн франц хэлээр чөлөөтэй харилцдаг байна. Тэрээр эхнэр, хүүтэй юм.

Тэрээр улс орондоо болох дараагийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Казахстаныг тэргүүлэх юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө