Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОПЕК олборлолтоо бууруулахаар шийдвэрлэв

  М.Даваадулам 2016-12-01 473

Нефть экспортлогч орнууд удаан хугацаанд хэлэлцсэний эцэст олборлолтоо бууруулахаар шийдвэрлэлээ. ОПЕК-ийн шийдвэр түүхий эдийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаа өсч, газрын тосны үнэ ч нэмэгдлээ. Өнөөдрийн арилжаагаар олон улсад газрын тосны үнэ ойролцоогоор 9 хувийн өсөлт үзүүлсэн. Үүнээс харахад ОПЕК-ийн шийдвэр богино хугацаанд үр дүнгээ өглөө гэж эдийн засагчид дүгнэж байна. ОПЕК-т багтдаггүй орнууд ч олборлолтоо бууруулах шийдвэрт нэгдсэн нь дэмжлэг үзүүлжээ.

ОПЕК 2017.01.01-нээс хоногт олборлох газрын тосны хэмжээг 1.2 сая баррелиэр танаж, 32.5 сая баррель болгохоор шийдвэрлэжээ. Харин ОПЕК-т гишүүнчлэлгүй орнууд хоногийн олборлолтоо 600,000 баррелиэр танах үүрэг хүлээлээ. Шийдвэр эхний ээлжинд 6 сарын хугацаанд хүчинтэй үйлчилнэ. Шаардлагатай тохиолдолд дахин 6 сараар сунгах юм байна.

ОПЕК-ийн гишүүн 11 орон: Алжир, Ангол, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэл, Габон, Иран, Ирак, Катар, Кувейт, Саудын Араб болон Эквадор улс нийлээд хоногийн олборлолтоо 1.7 сая баррелиэр танаж, 29.8 сая баррель газрын тос олборлох юм байна. Иран улс ганцаараа олборлолтоо хоногт 90 мянган баррелиэр нэмж, бусад орнууд 1.2 сая баррелиэр танах нь ээ.  

Дэлхий нийтээрээ дэмжинэ

ОПЕК-ийн шийдвэр хагас жилийн хугацаанд хэрэгжинэ. Шаардлагатай тохиолдолд ирэх оны 5-р сарын 25-нд болох ОПЕК-ийн ээлжит хурлаар хугацааг сунгаж магадгүй.

ОПЕК-ийн гишүүн орнууд харилцан адилгүй үүрэг хүлээсэн. Саудын Араб улс хамгийн ихээр олборлолтоо танана:

- Саудын Араб  - хоногт 486,000 баррелиэр бууруулж – 10 сая баррелийг хоногт олборлоно,

- Ирак – хоногт 210,000 баррелиэр бууруулж – хоногт 4.4 сая баррелийг олборлоно,

- Арабын Нэгдсэн Эмират – хоногт 139,000 баррелиэр бууруулж – хоногт 2.9 сая баррелийг олборлоно,

- Кувейт – хоногт 131,000 баррелиэр бууруулж – хоногт 2.7 сая баррелийг олборлоно,

- Алжир - хоногт 50,000 баррелиэр бууруулж – хоногт 1 сая баррелийг олборлоно,

- Ангол - хоногт 87,000 баррелиэр бууруулж – хоногт 1.7 сая баррелийг олборлоно,

- Эквадор - хоногт 26,000 баррелиэр бууруулж – хоногт 522,000 баррелийг олборлоно,

- Габон - хоногт 9,000 баррелиэр бууруулж – хоногт 193,000 баррелийг олборлоно,

- Катар - хоногт 30,000 баррелиэр бууруулж – хоногт 618,000 баррелийг олборлоно.

Зарим орон удаан хугацаанд хэлэлцсэний дүнд хөнгөлөлт эдлэхээр болсон. Иран улс олон улсын хоригт орохоос өмнөх үеийн хэмжээнд олборлолтоо хүргэхийг хүсчээ. Ингэснээр одоогийн түвшнээс 90,000 баррелиэр нэмж, 3.8 сая баррельд хүргэхээр болсон байна.

Ливи болон Нигери улс ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Олборлолтоо хэвээр үргэлжлүүлнэ.

Индонези улсын хувьд хэлэлцээрт нэгдэх боломжгүйгээ илэрхийлж, түр хугацаанд ОПЕК-ийн гишүүнчлэлээсээ татгалзжээ.

ОПЕК-т багтдаггүй өөр бусад орнууд ч олборлолтоо бууруулах уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. Одоогоор ОХУ, Казахстан, Узбекистан, Мексик, Болив, Тринидад Тобаго, Колумб улс олборлолтоо бууруулахаа мэдэгдээд байна.

ОПЕК болон тус байгууллагад багтдаггүй нефть экспортлогч орнууд энэ сарын 9-нд Катарын нийслэл Доха хотод уулзахаар төлөвлөжээ.

Өнөөдөр “Brent” маркийн нефтийн ханш 9.55%, харин WTI нефтийн ханш 9.06% өсчээ. Ингэснээр сүүлийн 9 сарын хугацаан дах дээд ханшид хүрлээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан