Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэв

  М.Даваадулам 2016-12-15 1206

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмлээ. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг тус байгууллага бодлогын хүүгээ 0.25%-иар нэмж, 0.5-0.75% болгосон юм.

Ийнхүү сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа, сүүлийн арван жилд хоёр дах удаагаа бодлогын хүүгээ нэмж байна. Ирэх 2017 онд харин гурван ч удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр төлөвлөснийг сангийн тэргүүн Жанет Йеллен мэдэгдлээ.

Улс орон болон олон улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл болон инфляцийн өсөлтийг тооцоолсны дүнд бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргажээ.

 “Холбооны нээлттэй зах зээлийн хорооноос өнөөдөр холбооны бодлогын хүүг дөрөвний нэг хувиар нэмэгдүүлж, 0.5-0.75% болгохоор шийдвэрлэлээ. Эдийн засгийн тогтвортой өсөлтөөс үүдэн хөдөлмөрийн зах зээл дээр эерэг дүр зураг ажиглагдаж, үнийн тогтвортой бодлого баримтлах боломжтой гэж би болон миний хамтрагчид үзэж байна”

Жанет Йеллен, Холбооны нөөцийн сангийн тэргүүн

Холбооны нөөцийн сан нэг жилийн дараа бодлогын хүүгээ нэмж байна. 2015 оны 12-р сард мөн л адил 0.25% өсгөж, жилийн 0.25-0.5% болгосон. Үүнээс өмнө 2006 оны 6-р сард нэмжээ. Харин 2008 оны 8-р сараас 2015 оны 8-р сар хооронд бодлогын хүү бараг тэг хувьтай байжээ – 0-0.25% хооронд байсан юм.

Холбооны нөөцийн сан шийдвэрээ танилцуулахтай зэрэгцэн хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлд АНУ-ын мөнгөний бодлогыг тодорхойлогч ирэх 2017 онд хоёр биш гурван удаа бодлогын хүүгээ нэмнэ гэж заажээ. Тус бүрт нь 0.25% нэмэх хүлээлттэй байна.


Холбооны нөөцийн сангийн төсөөлөл

Холбооны нөөцийн сан улс орны энэ оны эдийн засгийн өсөлт, инфляци болон ажилгүйдлийн төсөөллөө “эерэг” тал руу өөрчилжээ. Энэ тухай ч мэдэгдэлдээ онцолсон байна.

АНУ-ын ДНБ 2016 онд 1.8% бус 1.9% өсөлт үзүүлнэ. Инфляци энэ онд 1.5% бус 1.3% байна. Харин ажилгүйдлийн түвшнийг өмнө нь тооцоолсон 4.8%-аас 4.7% болгон тус тус бууруулжээ.

2017 онд ДНБ 2.1%, ажилгүйдэл – 4.5%, инфляци – 1.9% өсөлт тус тус үзүүлнэ гэж Холбооны нөөцийн сан тооцоолж байна. Ингэснээр өмнөх төсөөллөө бууруулжээ.

Харин 2018 оны төсөөллөө хэвээр үлдээлээ. 2018 онд АНУ-ын ДНБ 2%, ажилгүйдэл – 4.5%, инфляци – 2% өсөлт үзүүлнэ гэж урьдчилан таамаглаж байна.


Газрын тосны үнэ буурлаа

Холбооны нөөцийн сангийн шийдвэр таваарын зах зээлд сөрөг нөлөө үзүүллээ. Лондоны хөрөнгийн бирж дээр Brent нефтийн ханш 3.16% буурч, баррель тутам нь 53 ам.доллар 96 цент болжээ.

ОПЕК болон тус байгууллагад гишүүнчлэлгүй орнууд олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсэн. Энэ мэдээ газрын тосны үнийг өсгөөд байгаа. Тэгвэл Холбооны нөөцийн сангийн шийдвэрийн улмаас сүүлийн хэд хоног өсөлт үзүүлж байсан нефтийн ханш буурлаа. Энэ сарын 9-12-ны өдрүүдэд Brent нефть 6.55% өсч, баррель тутам нь $57.89 болсон.

ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын нийгэмлэг 8 жилийн дараа анх удаа олборлолтоо бууруулахаар өнгөрсөн 11-р сарын 30-нд шийдвэрлэсэн. Харин энэ сарын 10-нд Вена хотноо ОПЕК-т гишүүнчлэлгүй орнууд мөн хоногийн олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр ирэх оноос дэлхий дахинд газрын тосны олборлолтыг хоногт 1.7-1.8 сая баррелиээр бууруулах юм.


Америкийн хөрөнгийн биржүүдийн арилжаа уналтаар хаагдлаа

Холбооны нөөцийн сангийн шийдвэр хөрөнгийн биржийн арилжаанд ч мөн “сөрөг” нөлөө үзүүллээ. Америкийн биржүүд лхагва гарагийн арилжаагаа уналтаар хаажээ.

Dow Jones индекс 0.6% буурч 19,792.53 нэгж болжээ. Харин дэвшилтэт технологийн компаниудын хувьцааны хэлбэлзлийг илтгэдэг NASDAQ индекс 0.5% буурч, 5,436.67 нэгж болжээ. S&P 500 индекс 0.81% буурч, 2,253.28 нэгж болсон байна.

Европын хөрөнгийн биржүүд ч мөн лхагва гарагийн арилжаагаа уналтаар хаалаа. Британийн FTSE 100 индекс 0.2% буурч 6,955.29 нэгж болжээ. Францын CAC 40 индекс 0.81% буурч 4,765.01 нэгж болсон бол Германы DAX – 0.35% буурч 11,245.04 нэгжид хүрчээ.

Ази, Номхон далайн хөрөнгийн биржүүдэд ч мөн савлалт ажиглагдлаа. Шанхайн хөрөнгийн биржийн Shanghai Composite индекс 0.29% буурсан бол, Шэньжэний Shenzhen Composite индекс 1.13% өсчээ. Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн KOSPI индекс 0.09% өсчээ. Харин Австралийн S&P/ASX 200 индекс 0.73% уналт үзүүлсэн бол, Японы Nikkei 225 индекс 0.27% нэмэгдсэн байна.


Хонконг бодлогын хүүгээ өсгөв

Холбооны нөөцийн сангийн шийдвэрийг дагаад Хонконгийн санхүүгийн зохицуулах хороо бодлогын хүүгээ нэмэхээр өнөөдөр шийдвэрлэлээ. 0.25%-иар өсгөж, жилийн 1% болгожээ.

Хонконг нь хэдий БНХАУ-ын харъяалалд багтдаг ч өөрийн гэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Түүнчлэн Америкийн зах зээлийн мэдээллийг соргог хүлээн авдаг. Учир нь 1983 оноос хойш гонконг долларын ханш америк долларын ханшаас шууд хамааралтай байдаг юм.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр ч уналт ажиглагдлаа. Өнөөдөр үд дунд Hang Seng индекс 404 нэгжээр буурч 22,052 нэгж болжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн ихээр алдагдал хүлээсэн байна.

“Холбооны нөөцийн сангийн шийдвэр хүчтэй ам.долларыг дэмжиж, юань, иен, еврогийн ханш сулрах болно” гэж Хонконгийн төв банкны Гүйцэтгэх захирал Энрю Фун тэмдэглэлээ.


Хятадын төв банк юанийн ханшийг буурууллаа

Хятадын төв банк Холбооны нөөцийн сангийн шийдвэрийн дараа үндэсний мөнгөн тэмдэгт юанийн ханшийг буурууллаа. Юанийн ам.долларт харьцах ханшийг 0.38% бууруулжээ

Өнөөдөр нэг ам.доллар 6.9289 юаньтай тэнцэж байна.

БНХАУ-ын Төв банк 2015 оны 3-р сард юанийн ам.долларт харьцах ханшийг 3% бууруулсан нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг савлахад хүргэсэн юм. Үүнээс хойш Төв банк юанийн ханшийг тогтворжуулах бодлого баримталж байна.

Хятадын мөнгөн тэмдэгт юань олон жилийн туршид тогтвортой байсан. Нэг ам.доллар 8.3 юаньтай тэнцэж байжээ. Харин 2005 оны зунаас ханш нь чангарч эхэлсэн байна. 2008 оны намраас 6.8 гэсэн ханш дээр тогтож, 2009 оны намраас дахин чангарчээ. 2014 оны 1-р сард дээд ханшид хүрч, нэг ам.доллар 6 юаньтай тэнцэх болсон байна.


Холбооны нөөцийн сангийн шийдвэр дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг

Олон улсын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг долларын цаана ажилладаг систем бол АНУ-ын Холбооны нөөцийн сан. Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэ систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ. Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгчийн хэлсэн ганцхан мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг юм.

Америкийн Холбооны нөөцийн сан үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн санд хадгалах ёстой. Хэдийг хадгалуулахыг Нөөцийн сангийн Зөвлөл батална. Харин Зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дах мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог. Бодлогын хүү өсвөл ам.долларын ханш өсч, банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ.  Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцийг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан