Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ КАМЕРЖУУЛАЛТЫН УРАЛДААН ЗАРЛАЛАА

  Б.Уянга 2017-04-05 3149

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар өнөөдөр камержуулалтын болзолт уралдаан зарлаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тодруулбал, ГХУСАЗЗ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотын хэмжээнд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлгүүд, иргэд олон нийтийн дунд 60 сая төгрөгийн шагналын сантай камержуулалтын болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж байна. Улаанбаатар хотод төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэргийн гаралт ихтэй гудамж, талбайд 1483 ширхэг камер байршуулсан байна. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Баянзүрх дүүрэгт офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүргийн таван шар хүртлэх төв гудамжны камеруудыг засч, хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна.

Л.Нямгэрэл: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэдийн оролцоо чухал

-Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход идэвхитэй оролцсон иргэд, аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулах тухай тодорхой заалтууд байдаг. Үүнийг үндэслэн камержуулалтын болзолт уралдааныг зарлаж байна. Иргэд энэ уралдаанд оролцохын тулд өөрсдийн хөрөнгөөр гудамж талбайгаа камержуулна. Бидний зарласан энэ уралдаанд идэвхитэй оролцсон хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулна. Болзолт уралдаан 60 сая төгрөгийн шагналын сантай. Уралдаанд оролцсоны дараа камер нь иргэдийн өөрсдийн өмч хэвээр байна гэдгийг хэлмээр байна.

Ж.Эрдэнэболд: Камержуулалт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой

Камержуулалт иргэд аюулгүй орчинд аж төрөхөд амин чухал ач холбогдолтой. Оршин суугчдын аюулгүй байдал тухайн амьдарч байгаа байр, орц, хүүхдийн талбай, машины зогсоолын аюулгүй байдлыг хэрхэн хангаснаас эхэлдэг. Зарим дүүргүүдэд болзолт уралдаан зарлаж, камержуулж байсан сайн жишиг манайд бий. 2016 онд 74 настай хүнийг орцонд нь гурван залуу дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн газар энэ хэргийг 24 цагийн дотор илрүүлсэн. Энэ хэргийг илрүүлэхэд тухайн орц нь камертай байсан нь их тус болсон. Хэрэг гарсны дараа илрүүлэхээс илүүтэй камертай газар гэмт хэрэг гарах нь багасч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан