Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2018 онд амьдралын өртгөөрөө дэлхийд “удаалсан” 10 хот

  М.Даваадулам 2018-01-19 1821

Дэлхийн өнцөг булан бүрт амьдралын түвшин өөр өөр байдаг. Үүнд олон хүчин зүйл нөлөө үзүүлнэ. Амьдралын өртөг бол гол хүчин зүйлийн нэг. Учир нь ард иргэдийнх нь цалин өндөр хотод орон сууцны үнэ, тээврийн хэрэгслийн төлбөр, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байдаг.

Тэгвэл numbeo.com вэбсайт 2018 онд амьдралын өртгөөр дэлхийд удаалж буй 10 хотыг жагсаажээ. Энэ жагсаалтад Энэтхэгийн 7 хот багтсан байна.

1. Тируванантапурам, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 20.86

Тируванантапурам бол Энэтхэгийн Керала мужийн нийслэл, Тривандрам тойргийн захиргааны төв. 1.68 сая хүн амтай.

Тус хотод хэд хэдэн телевизийн компани байрладаг бөгөөд Энэтхэгийн анхны анимэйшн парк бий.

2. Нави Мумбай, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 23.44

Нави Мумбай бол Энэтхэгийн Махараштра мужийн баруун эрэг дагуу байрлах хот.

Хүн ам: 1.12 сая

Энэтхэгийн томоохон ачаа тээврийн боомт болох Жавахарлал Неругийн нэрэмжит боомт энэ хотод бий. Энэтхэг улсын далайн ачаа тээврийн 65% энэ боомтод ногддог байна.

3. Александрия, Египет

Амьдралын өртгийн индекс: 23.78

Александрия нь Нил мөрний сав дагуу байрладаг. Египетийн хоёр дахь том хот бөгөөд далайн тээврийн гол зангилаа юм.

Александрия нь Египетийн санхүү, худалдаа, аж үйлдвэрлэлийн төв.

Тус хотын боомтод Египетийн нийт худалдааы эргэлтийн 75% ногддог /автомашин, нефть болон нефтийн бүтээгдэхүүн, цемент, нүүрс, бордоо тэжээл, металл, мод, үр тариа/.

4. Коймбатур, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 23.78

Коймбатур нь Энэтхэгийн өмнөд хэсэгт Тамилнад мужид байрладаг, Коймбатур тойргийн захиргааны төв.

Коймбатур нь Энэтхэгийн өмнөд бүсийн хөгжиж буй хотуудын нэг. Өмнөд Энэтхэгийн “Манчестер” гэж ч нэрлэдэг байна. Тамилнад мужийн даавуу үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл, худалдаа, мэдээллийн технологи, боловсрол болон эрүүл мэндийн төв.

5. Кочи, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 24.65

Кочи нь Энэтхэгийн Керала мужид байрладаг. Аравийн тэнгисийн Малабарын эрэг дэх томоохон боомт хот.

Кочи нь Керала мужийн хамгийн шигүү суурьшилтай хотын нэг. 601.574 хүн амтай. Дагуул дүүрэг, хотыг тооцвол 2.1 сая хүн амтай.

6. Вишакхапатнам, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 24.66

Вишакхапатнам нь Энэтхэгийн Андра Прадеш мужид байрладаг. Энэтхэгийн зүүн өмнөд эрэг дагуу байрлах бөгөөд улсдаа томоохонд тооцогдох боомт хот.

Хурдацтай эдийн засаг болон хүн амын өсөлт нь тус хотыг хөгжлийн чигийг тодорхойлжээ. Вишакхапатнамад аж үйлдвэрлэл, загасны аж ахуй, мэдээллийн технологи, эм зүй, далайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт зэрэг эдийн засгийн салбар хөгжжээ.

Байгалиас заяасан боомт хот төдийгүй авто тээвэр, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтэц, сүлжээ сайтар хөгжсөн тээврийн гол зангилаа хот юм.

7. Харьков, Украин

Амьдралын өртгийн индекс: 24.85

Харьков нь хүн амын тоогоор Украинд хоёрдугаарт жагсана. Түүнчлэн Украины шинжлэх ухааны төв.

Харьков хотод шинжлэх ухаан судалгааны 142 хүрээлэн, дээд боловсролын 45 байгууллага бий.

8. Бубанешвар, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 24.89

Бубанешвар нь Маханади мөрний сав дагуу байрладаг. Орисса мужийн төв.

Бубанешвар нь Орисса муж төдийгүй Зүүн Энэтхэгийн хамгийн хурдацтай хөгжиж буй хот. Эдийн засгийг нь гол хөдөлгөгч салбар бол аялал жуулчлал.

Аж үйлдвэрлэлийн бүс хотын гадна байхаар анхлан хотыг төлөвлөсөн байна. Энэ нь ч аялал жуулчлал хөгжих үндэс болжээ.

9. Майсур, Энэтхэг

Амьдралын өртгийн индекс: 25.20

Майсур нь Энэтхэгийн Карнатака мужийн Майсур тойргийн захиргааны төв. Карнатака мужийн гурав дахь том хот.

Майсур нь Карнатака мужийн аж үйлдвэрлэлийн томоохон төвийн нэг. Даавуу үйлдвэрлэл, химийн болон электротехникийн аж ахуй хөгжсөн, мөн IT компаниудын төлөөлөгчдийн газар энд бий.

Уламжлалт салбараас торго үйлдвэрлэл энд хөгжжээ.

10. Львов, Украин

Амьдралын өртгийн индекс: 25.20

Львов нь Украины Львов мужийн төв. Үндэсний соёл, боловсрол, шинжлэх ухааны төв. Аж үйлдвэрлэл болон тээврийн томоохон зангилаа юм.

Эх сурвалж: www.numbeo.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө