Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Манай улсад сэжигтэй мөнгөн гүйлгээ жилд дунджаар 200 орчим байдаг

  admin 2018-02-07 1579

Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээ. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.  Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг “цагаач” гэж тодорхойлсон байдаг талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Мөрөн дурдаад “Цагаач гэдэг нь орогнол хүсч байгаа биш, АНУ-ын ногоон карттай төстэй. Өөрийн улс орны иргэний харъяалалтай хэвээр байдгийг хэллээ.

“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Мөн дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан байдаг. Улмаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулсан байна. Иймд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2014 оны зургаадугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна. Манай улсын хувьд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ЕГ, УЕП голлох үүрэгтэйг ХЗДХ-ийн сайд анхааруулсан. Хяналтаа чангатгаж ажиллах шаардлагатайг хэллээ.

Ингээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө