Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Куала Лумпурын дээд хэмжээний уулзалтаар БЖДҮ-ийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ

  admin 2018-04-13 613

Бичил, жижиг, дунд үйлдвэр (БЖДҮ)-ийн санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох асуудлаар Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс Харилцан суралцах хөтөлбөр (Joint Learning Program)-ийн хүрээнд Малайз Улсын Куала Лумпур хотноо энэ долоо хоногт зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц оролцлоо. Тус уулзалтад Ази, Африкийн бүс нутгийн 13 улсын санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны 20 гаруй тэргүүн, дэд тэргүүн нар оролцож, улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагас, ажлын байрны гуравны хоёрыг бүрдүүлж буй БЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцооны талаар санал солилцов.

Хүн амын орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, цаашлаад эдийн засгийн хөгжилд шууд хувь нэмэр оруулах нөлөөтэй бичил, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь Тогтвортой хөгжлийн зорилт (SGD)-ын гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Тиймээс Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг гишүүн орон, байгууллагуудынхаа “Санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги” (NFIS)-д бичил, жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, түүний тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх ёстой гэсэн байр суурь баримталж буй юм.

Малайзын Төв банктай хамтран зохион байгуулсан Куала Лумпурын дээд хэмжээний уулзалтаас, хэдийгээр салбарын ач холбогдлыг улс орнууд, санхүүгийн бодлого тодорхойлогчид хүлээн зөвшөөрч буй ч дэлхийн дахины БЖДҮ-ийн хөгжилд тулгарч буй нийтлэг бэрхшээл нь санхүүгийн хүртээмж, хүрэлцээ хомс байгаа явдал хэвээр байсаар байгааг онцлон дүгнэлээ. Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн Форумаас хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудын БЖДҮ-ийн шаардлагатай санхүүжилтийн 40 хувь буюу 65 тэрбум ам.долларын санхүүжилт дутагдалтай байгааг тооцон гаргасан байна. Иймд энэ талаар санхүүгийн асуудлаарх дэлхийн хамгийн том сүлжээ болох Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бүтэц, хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй ажиллахаар тогтов.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан