Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пак Гын Хе давж заалдахгүй

  М.Даваадулам 2018-04-17 900

БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзжээ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй төрийн тэргүүн Пак Гын Хегийн хэргийг жил тойрон шүүж, 24 жилийн хорих ял, 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулсан. Энэ сарын эхээр Сөүл хотын дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийг экс Ерөнхийлөгч давж заалдах бодолгүй байна.

Пак Гын Хед төрийн нууц задруулсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 зүйл ангиар ял оноохоор Прокурорын байгууллага төлөвлөсөн. Эдгээрээс 16 хэрэгт буруутай болохыг Сөүл хотын төвийн дүүргийн шүүх тогтоож, 24 жилийн ял, 18 тэрбум вон буюу 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулж байгаагаа энэ сарын 6-ны өдөр танилцуулсан юм. Прокуророос 30 жил хорих ял, 111 сая ам.долларын мөнгөн торгууль төлөвлөөд байжээ.

2016 онд 10-р сард БНСУ-ын улс төрийн томоохон хэрэг дэгдсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хе нь төрийн үйл хэргийг удирдан явуулахдаа дотны найз Чой Сүн Шилийн зөвлөгөөнд тулгуурладаг байсан гэх мэдээлэл ил болсноор, Өмнөд Солонгос улсад олныг хамарсан жагсаал дэгдэж, Ерөнхийлөгчөө огцрохыг ард иргэд шаардсан юм.

Чой Сүн Шил нь төрийн хэрэгт оролцож, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл бичиж өгдөг байснаас гадна, төрийн тэргүүний нэрийг барин томоохон компаниудад дарамт үзүүлж, их хэмжээний мөнгө авсан болох нь тогтоогдсон юм.

БНСУ-ын Парламент Ерөнхийлөгчөө огцруулах санал хураалт явуулж, улмаар 2017 оны 1-р сард Пак Гын Хег огцруулсан. Тэр цагаас хэргийг шалгаж эхэлсэн юм. Чой Сүн Шилд энэ оны 2-р сард шүүхээс 20 жилийн хорих ял, 17 сая ам.долларын торгууль оногдуулсан. Пак Гын Хегийн нарийн бичгээр ажиллаж байсан Ан Жон Бомд 6 жилийн хорих ял, Lotte корпорацийн захиралд 2,5 жилийн хорих ял тус тус оноожээ. Нийт энэ хэрэгтэй холбогдуулан 30 хүнд ял оноосны дунд Samsung компанийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ён ч багтсан юм.

1948 онд БНСУ байгуулагдсан цагаас хойшхи энэ улсын 12 Ерөнхийлөгчийн гурав нь шүүхээс ял сонсож байна. Мөн хоёр ч Ерөнхийлөгчийн хэргийг хуулийн байгууллага шалгасан ч, хэрэг шүүхэд шилжээгүй хаагджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан