Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Абэ яагаад Америкийг зорив?

  М.Даваадулам 2018-04-17 1079

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сард Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар болоод байгаа. Тэгвэл энэ үед Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ыг зорьж байгаа нь олон улсын анхаарлын төвд байна. Шинзо Абэ өнөөдөр АНУ-ыг зорилоо. Айлчлалын хүрээнд гадаад худалдаа, цэргийн аюулгүй байдал, БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөх нь ээ.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн хувьд хатуу байр суурь баримталж байгаа. Хэдий Пхеньян, Сөүл хоорондын харилцаанд сэргэх хандлага ажиглагдаж байгаа ч, Ким Чен Унтай “хэлэлцээр хийхийн тулд хэлэлцээр хийх” нь утгагүй асуудал гэж хоёр сарын өмнө мэдэгдэж байсан.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа Шинзо Абэ аль болох ойрын хугацаанд АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлэхийг уриалжээ. Мүн Жэ Ины хувьд уриалгыг хүлээж авахаас татгалзсан төдийгүй улс орны дотоод хэрэгт оролцохыг завдаж байгаад Абэг буруутгасан байна.

Харин Доналд Трамп Ерөнхийлөгч БНАСАУ-ын лидертэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсний дараа Токиогийн байр суурь өөрчлөгдөж эхэлснийг шинжээчид тэмдэглэж байна. Өнгөрсөн сард л Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ, Япон улсын лидерүүдийн гурван талт уулзалт хийхэд бэлэн гэж байсан бол, өнөөдөр Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэх асуудлаас хол хөндий байхаар эрмэлзэж байгааг онцоллоо.

Шинзо Абэг Трамп, Ким Чен Ун нарын ирэх 5 аль эсвэл 6 сард болох уулзалтад оролцохыг уриагүй. Тиймээс ч Абэ энэ удаад Америкт хийх айлчлалынхаа үеэр Япон улсын санааг зовниож байгаа өөр бусад асуудлуудыг хэлэлцэх бололтой.

Айлчлалын үеэр Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийг хөндөнө

Өнгөрсөн даваа гарагт Парламентын хуралдаанд оролцохдоо ноён Шинзо Абэ Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийг Доналд Трамп Ерөнхийлөгчтэй ярилцахаа мэдэгдсэн байна. “Япон улсын хувьд Умард Солонгос тив хоорондын пуужингуудаа устгах нь тийм ач холбогдолгүй. Үүний дээр Япон улсад заналхийлж байгаа богино болон дунд зайн тусгалтай пуужингаа устгах хэрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхийлөгч Трамптай ярилцах хүсэлтэй байна” гэжээ.

Пхеньян өнгөрсөн онд Америк тивд хүрэх хүчин чадалтай алсын зайн тусгалтай пуужин угсарч байгаагаа мэдэгдсэн. Харин Пхеньяны ойрын болон дунд зайн тусгалтай пуужингууд юуны түрүүнд БНСУ болон Японд заналхийлж байгаа юм. Тиймээс ч магадгүй Токиогийн байр суурийг Ким Чен Унд хүргэхийн тулд худалдаа наймааны салбарт буух хэрэгтэй байж болох юм гэдгийг Доналд Трамп Ерөнхийлөгч Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Хулгайлагдсан иргэдийн асуудал онцлох сэдвийн нэг байна

Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд болох уулзалтаар Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ч мөн хөндөх нь ээ. Энэ талаар аль 3-р сарын 25-ны өдөр ноён Абэ амлаж байжээ.

1970-1980-аад онуудад Умард Солонгосын тагнуулын алба Япон иргэдийг олноор хулгайлсан явдал өнөөг хир дипломат харилцаагүй хоёр улс хоорондын эмзэг сэдвийн нэг.

2002 онд Японы 13 иргэнийг хулгайлснаа Пхеньян хүлээн зөвшөөрч, тэдгээрээс 5 хүнд эргэн эх орондоо буцахыг зөвшөөрчээ. Бусад хүмүүсийг нас барсан гэж мэдүүлж, цогцсыг нь гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн ч, цогцоснуудыг мөн болохыг мэргэжлийн байгууллага тогтоож чадаагүй байна.

2014 онд Япон болон БНАСАУ-ын Засгийн газар Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар хамтарсан мөрдлөг явуулахаар зөвшилцсөн боловч Японы хоригоос үүдэн, хамтарсан комиссыг Пхеньян тараажээ.

Худалдааны шинэ боломжуудыг Токио эрэлхийлж байна

Энэ удаагийн айлчлалын хүрээнд худалдааны шинэ боломжийн асуудлыг голчлон хэлэлцэх гэнэ. Тодруулбал, Номхон далай дамнасан түншлэлийг хурдан хугацаанд ажил хэрэг болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр яарч байна. Энэ эвсэлд АНУ багтаагүй, бүс нутгийн өөр 11 улс гишүүнчлэлтэй болоод байгаа юм. АНУ-ын хувьд өөрт ашигтай нөхцөлд нэгдэхээ илэрхийлжээ.

Мөн хил гаалийн татварын асуудлыг энэ удаагийн айлчлалын хүрээнд хэлэлцэнэ. АНУ өнгөрсөн сараас ган, хөнгөн цагаанд импортын татвар оногдуулж эхэлсэн. Харин Япон улс энэ татвараас чөлөөлөгдөөгүй байгаа.

Шинзо Абэгийн хувьд эх орондоо, иргэд сонгогчдын хувьд нэр хүнд нь унаж байгаа.  Хамгийн сүүлийн судалгаагаар түүний рейтинг 26.7% болон буурч, 2012 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Тиймээс суудлаасаа удахгүй буухаас өөр арга үгүй гэгдээг байгаа Шинзо Абэгийн хувьд АНУ-д хийх энэ удаагийн айлчлал нэр хүндээ бага ч болов өсгөх боломж ч байж мэдэх юм хэмээн шинжээчид харж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө