Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Монголросцветмет" ХХК-д зах зээлээс шахагдах эрсдэл үүсэв үү???

  М.Ариунжаргал 2018-05-15 1024

Орос Монгол хоёр улсын хамтран байгуулсан уул уурхайн томоохон хоёр компани бий. Нэг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, нөгөөх нь монголросцветмет компани юм. Эрдэнэт үйлдвэр нь зэс, молебдиний хүдрийн олборлолт баяжуулалтаар ази тивдээ томоохонд тооцогддог. Харин Монголросцветмет компани нь Монгол улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх зэргийн компани юм.

Гэвч төр мэдэлдээ авсан тус хоёр үйлдвэр ээдрээтэй асуудлуудаар дүүрэн байна.

Хоёр компанийн хувь эзэмшлийн тухайд Монгол улс 51 хувь, Орос улсын Ростех компани 49 хувийг эзэмшиж байсан. Харин 2016 оны 6-р сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрх хоёр үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголын зэс корпораци авсан талаар мэдээлж байсан юм. Гэвч Худалдан авах энэ ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн засгийн газраас Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Гэвч засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Монголын зэс корпорацитай өнөөг хүртэл шүүхийн хаалга таталцсаар байгаа бол Монголросцветмет компаний нөхцөл байдал ч мөн сайнгүй байна.

Тус компанид тулгамдах асуудал үүгээр зогсохгүйг тэрээр хэлж байлаа. Тухайлбал 

  • Сүүлийн 10 жилд техникийн шинэчлэл хийгдээгүй.
  • Өнөөдөр зөвлөлт холбоот улсын хуучны стандартаар жонш баяжуулан боловсруулж байгаа нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжгүй болж эхэлжээ
  • Мөн Монголросцветмет компани нийт 20 гаран сая долларын өртэй. Үүнээс:  - Эрдэнэт үйлдвэрт 5.5 сая доллар, Оросын Ростех компанид 6 сая доллар. Үлдсэн нь- Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкинд тавьсан өр байгаа юм байна.

Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр л гэхэд өнгөрсөн онд найман сар бүрэн зогсолт хийжээ. Өнөөдрийн байдлаар Бор-Өндрийн гүний уурхай газраас доош 200 метрт олборлолт хийж байгаа бөгөөд түүнээс дээшхийг олборлож бүрэн дууссан байна. Одоо 200 метрийн гүнд захын хэсгүүдээр олборлолт явуулж байгаа тул хөрөнгө оруулалт техникийн шинэчлэл хийхгүй бол цаашид удаан явах боломжгүйг уурхайн уулын үйлдвэрийн дарга хэлж байна

Жонш нь дэлхий нийтэд стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогдох болсон. Үүнийгээ дагаад үнэ нь өсөж түүнийхээ хэрээр жоншны чанарын үзүүлэлт нэмэгдсэн. Дэлхий нийт 97 хувийн агуулгатай жоншны баяжмалыг хэрэглэх нь элбэг болсон. Гэтэл Бор өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 95 хувийн агуулгатай жонш үйлдвэрлэн гаргаж байгаа нь чанарын хувьд дэлхий нийтийн эрэлтэд нийцэж чадахгүй байгаа юм байна. 95 хувийн агуулгатай жонш бол хуучин зөвлөлт холбоот улсын стандарт бөгөөд одоо ашиглаж байгаа төхөөрөмжөөр үүнээс илүү чанаржуулан гаргах боломж байхгүй тул зах зээлээс шахагдах эрсдэл үүссэн байна.  Харин энэ асуудалд салбарын сайд анхаарч ажиллахаа хэллээ

 Төрийн мэдэлд 100 хувь шилжсэн Монголросцветмет компани өнгөрсөн онд 18 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ . Гэвч үүний 76 хувь нь төмөр олборлох үйл ажиллагаагаар төвлөрсөн орлого байна.

Тиймээс цаашид хайлуур жонш олборлон баяжуулах үйл ажиллагаанд анхаарах цаг ирсэн гэдгийг Монголросцвемет компаний захирал салбарын сайдад онцолж байлаа. Үүнээс гадна тус компанид тулгамдсан бас нэгэн асуудал бол ачаа тээвэрлэлт гэнэ. Уг нь бол өнгөрсөн онд 70 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж чадсан бол 20-30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах хэмжээний олборлолт хийж баяжуулан бэлтгэжээ. Гэвч ачаа тээвэрлэх вагоны хүрэлцээ муугаас бэлтгэсэн бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй байна.

Дан ганц Монголросцветмет гэлтгүй уул уурхайн олборлолт явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа компаниудад тулгамдах асуудал ачаа тээвэрлэлтийн асуудал болоод байна. Гол тээвэрлэлт вагоноор хийгддэг хэдий ч Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадал хүрэхгүй байгааг хэлж байгаа юм. Энэ асуудалтай салбарын сайд санал нийлж байгаагаа хэлсэн бөгөөд вагоны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ

Улаанбаатар төмөр зам оросын холбооны улсаас тус бүр нь 620 мянган рублийн үнэтэй 1000 вагон оруулж ирсэн асуудал нэлээд яригдаж төмөр замын дарга Д.Жигжиднямааг авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Үүний гол шалтгаан нь ашиглалтын хугацаа дууссан вагон оруулж ирж байгаатай холбоотойг салбарынхан хэлж байсан юм. Гэвч Монголын төмөр замаар тээвэрлэх ачаа жилээс жилд нэмэгдэж Улаанбаатар төмөр зам ачааллаа дийлэхгүй хэмжээнд ажиллаж байгаа тул үүнээс өөр аргагүйг салбарын сайд хэллээ. 

Монголросцветмет нэгдлийн Бор өндрийн уулын баяжуулах үйлдвэрт л гэхэд өдөрт багадаа 20 вагоноор ачаа зөөх хэрэгтэй байгаа бол Улаанбаатар төмөр замын одоо байгаа хүчин чадлаар өдөрт 2-8  вагоноор ачаа зөөж байгаа юм байна. Улсын төсвийн гол орлого уул уурхайгаас төвлөрч байгаа. Гэвч энэ мэтчилэн зам тээвэр, цахилгаан эрчим хүч гээд дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийддэг байх хэрэгтэй байна.

Өнөөдрийн онцлох сэдэв : "Монголросцветмет" ХХК-д зах зээлээс шахагдах эрсдэл үүсэв үү??? сурвалжлагыг 21 цагт "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан